“Зочин багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж жишиг аймаг болов

2014 оны 12 сарын 08

Баянхонгор аймгийн Боловсролын газар, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт хамтран “Зочин багш” хөтөлбөрийг тус аймагт нэг жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Үйл ажиллагааг таван үе шаттайгаар, аймгийн хэмжээний 857 багшийг хамруулсан аргазүйн сургалтыг аймгийн төвд зохион байгуулсан байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд аймгийн төвийн зургаан сургууль болон бүх сумдын ЕБС-иуд дээр зочин багш нар, аргазүйчид хичээл заажээ. “Төрийн үйлчилгээний байгууллагын хувьд хүүхдүүд бол бидний үйлчлүүлэгч гэдэг үүднээс бага ангийн сурагчдаас багшийн өөрчлөлтийг асуухад ил тод шууд хэлдэг. Багшид хийж байгаа энэ хөрөнгө оруулалт бол ирээдүйн хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон алхам юм. Энэ удаагийн Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилсан уг ажлыг ихээхэн үр дүнтэй байна хэмээн дүгнэж байгаа” хэмээн БМДИ-ын Захиалга сургалтын албаны дарга, Доктор Р.Туяа ярьсан. Мөн тэрбээр, “Энэ үйл ажиллагааг манай байгууллагад олон аймгууд санал тавьж байгаа. Үүнээс харахад Баянхонгор аймаг жишиг сумтай болсон шиг “Зочин багш” хөтөлбөрөөр дамжуулж, Боловсролын салбартаа оруулж байгаа хөрөнгө оруулалтынхаа хүрээнд мөн жишиг болж чадлаа” гэв.