“Охид” арга хэмжээг зохион байгууллаа

2014 оны 12 сарын 07

Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран “Охид” арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулжээ.

Тус дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 он, 2014 оны эхний 10 сарын байдлаар бэлгийн мөлжлөгт өртөж хохирсон хүүхдүүдийн судалгааг гаргаж, ерөнхий боловсролын 3,4,16, 29, 35, 58, 71, 119, АЗЭС, Найрамдал, Ертөнц, Галакси зэрэг нийт 12 сургуулийн өсвөр насны 1500 орчим охидын дунд “Бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх”, “Охидын нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Охин насаа хайрлая” сэдвээр сургалт уулзалт явуулжээ.

Мөн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах асрамж, халамжийн төвүүд, сүм, хийд, нийтийн байр, Вьетнам засварын газруудад үзлэг, шалгалтыг зохион байгуулж, гэр орноосоо дайжсан, бусдад уруу татагдсан, биеэ үнэлж эрсдэлд орж болзошгүй насанд хүрээгүй охидыг илрүүлэх чиглэлээр ажиллаж, насанд хүрээгүй дөрвөн охиныг бүртгэл судалгаанд авч, ар гэр, асран хамгаалагч нартай нь уулзаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.