Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үзлэг хийв

2014 оны 12 сарын 04

Бүтэн жилийн төгсгөлд тохиодог нийтийн хамарсан томоохон баяр болох шинэ жилийг угтан хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үзлэг шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар эхлүүлээд байна.

Шинэ жилийн баярын үеэр нийтийг хамарсан хоолны хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлэхэд үзлэг шалгалтын зорилго оршиж, энэ хугацаанд иргэд болон хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдэд  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, гарын авлага, сэрэмжлүүлэг бэлдэн тараах ажээ. Урьдчилан сэргийлэх үзлэг хяналтад хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгдсөн байна.
Нийтийг хамарсан хоолны хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг жил бүр шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хийдэг бөгөөд урьд урьдын үзлэгээр хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлж буй орчин бохирдол ихтэй, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан, хоол үйлдвэрлэлд стандарт, технологийн горим зөрчигдсөн гэх зэрэг хэд хэдэн зөрчил дутагдал илэрч байжээ.
Энэ удаагийн үзлэг хяналт энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд ажлын хэсэгт Хүнсний аюулгүй байдлын хяналт, Эрүүл ахуй халдвар аюулгүй байдлын хяналт, Мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын бацаагч нар болон МХГ- ын дэргэдэх лаборторын шинжээч нар ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД