Энэ онд одоогийн байдлаар 16 нярай эндээд байна

2014 оны 12 сарын 04

Эмнэлэгийн тусламж очихоос өрсөн гэртээ амаржсан эхийн дөнгөж мэндэлсэн хүүхэд нас барсан тохиолдол өнгөрөгч сард Хулд сумаас төвөөс хорь гаруй км-т орших малчныд гарсан.

Энэ мэтээр дутуу төрөлт болон гэнэтийн үхэл, тархины цус харвалт, зүрхний гажиг, бүтэлт, хатгалгаа зэрэг шалтгаанаар энэ онд одоогийн байдлаар 16 нярай эндээд байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
Нялхасын эндэгдэлд ямар хүчин зүйл нөлөөлсөнийг Эрүүл мэндийн газрын эмнэлэгийн тусламжийн хэлтсийн дарга Н. Мөнгөнцэцэгээс тодруулахад “Нярайн эндэгдэлд бүтэлт, дутуу төрөлт нөлөөлсөн бол 1- 5 насны хүүхдийн эндэгдэлд амьсгалын замын өвчин хүндэрсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна” гэлээ.
Мөн нялхасын эндэгдэлд амьгүй төрөлтийн 6 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос гурван тохиолдлоор нэмэгдсэн байна. Тухайлбал жирэмсэн эх тэмбүүгээр халдварласнаас ураг хэвлий дотроо эндсэн, жирэмсний явцад ураг архаг бүтэлттэй байсан зэргээс амьгүй төрөх тохиолдлууд гарчээ.