Дундговь аймгийн хүнсний үйлдвэр үзэсгэлэнгээ гаргана

2014 оны 12 сарын 04

Дундговь аймгийн хүнсний томоохон ганц үйлдвэр “Мандалговь Хүнс” ХХК бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг ард иргэддээ дэлгэх гэж байна.

Тус компани үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хорин жилийн хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг тасралтгүй өсгөснөөр одоо 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Ирэх онд түүхт хорин жилийн ойгоо ёслон тэмдэглэх бөгөөд энэ ойдоо бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ зориулж байгааг компанийн захирал Д.Мягмар хэллээ.
 “Мандалговь Хүнс” ХХК-ийн бүтээгдэхүүний дөч гаруй хувь нь эмчилгээ сувилгаанд нийцсэн талх, сүүн бүтээгдэхүүн байдаг бөгөөд сүүлийн гурван жилд импортыг орлох бүтээгдэхүүн болгож хатуу чихэр үйлдвэрлэдэг болсон байна. “Талх, талхан бүтээгдэхүүн бол манай хамт олны хорин жилийн нөр хөдөлмөрийн тайлан гэж хэлж болно. ОХУ-ын Ирекс компанитай хамтран ажилласнаар тэндэхийн технологиор олон үрийн, хөх тарианы, баяжуулсан хар талх хийж, Францын бренд Багетийг франц технолгиор нь эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар үйлдвэрлэдэг болсон. Энэ бол дэлхийн технологиор Дундговийнхоо брэндийг бий болгох бидний зорилгын нэгээхэн хэсэг нь юм” гэж компанийн захирал хэлж байна.
“Мандалговь Хүнс” ХХК бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ энэ сарын 5-6-ны өдрүүдэд өөрийн нэрийн барааны дэлгүүрт дэлгэх ажээ.