Испанид “Эбола” вирус устав

2014 оны 12 сарын 03

Испанид “Эбола” вирус тархахаа больсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

Улсынх нь эмнэлгийн ажилтан “Эбола”-гийн халдвар авсныг өнгөрсөн 10 дугаар сарын 6-нд Испанийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс хэлсэн юм.

Халдвар авсан сувилагч эмэгтэй нь Сьерра-Леоноос эх орондоо буцаж ирсэн “Эбола”-тай өвчтөнийг эмчилж байсан эмнэлгийн багийн гишүүн байсан билээ.

Энэ нь Африкаас өөр бүс нутагт  “Эбола” хүнээс хүнд халдварласан анхны тохиолдол байсан юм. Үүний улмаас тус улсын эмнэлгийн албан хаагч, ажилтнууд түгшиж, Өрнөдийн улсууд “Эбола”-гаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгаж эхэлсэн юм.

Нигери болон Сенегалыг “Эбола”-гийн тархалтыг амжилттай зогсоож чадсаныг ДЭМБ мөн мэдэгдсэн билээ. Гэхдээ 6000 гаруй хүн нас бараад буй Баруун Африкийн Гвиней, Либери болон Сьерра-Леонд “Эбола” тархсаар байна.