Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ”Найдвар” төвийн орчныг сайжруулахыг хүсэв

2014 оны 12 сарын 03

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг долоон төрийн бус байгууллага байдаг. Үүний нэг нь “Найдвар” төв юм. Эднийд олон бэрхшээл, олон ололт байгааг “Найдвар” төвийхөн хэлж байгаа юм. Иймд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын тамгын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр  сумын Засаг дарга нарыг урьж орчин нөхцлөө танилцуулахыг хүссэн ч харамсалтай нь хэн ч ирээгүй байна.

Уг төвд 4-20 насны 24 хүүхэд хүмүүжиж байна. Тэд 24 өөр бэрхшээлтэй. Иймд багш, сувилагчаас мөн тооны ур чадвар шаардана гэсэн үг. Уг төв таван орон тоотой ажилладаг. Гэр хорооллын Рашаант багийн байранд энэ онд нүүж ирсэн. Гэтэл боловсон жорлон байхгүй, усаа зөөдөг, хүүхдийн амрах өрөө хэт жижиг, цахилгаанаар халдаг гээд олон бэрхшээл тулгарч байна. Энд хүмүүжиж буй хүүхдүүдийн дийлэнх нь хүнд хэлбэрийн өвчтэй тул байнгын асаргаа шаардлагатай байдаг юм. Иймд “Найдвар” төвийнхөн өглөө 8-9 цагийн хооронд хүүхдүүдээ гэрээс нь авч орой 17 цагт гэрт нь хүргэж өгдөг гэнэ.   Өдөрт 2-4 удаа ийм байдлаар зөөдөг гэлээ.

Жилд 32 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс авдаг. Өгсөн мөнгийг нь зохистой ашиглах гэж хичээдэг ч жорлон болон халаалтын асуудлыг шийдээд өгчихвөл  хүүхдүүд болон багш нарт нь хэрэгтэй байгааг хэлж байна. Учир нь дээрх хүүхдүүдийн дийлэнх нь өөрсдөө бие засах боломжгүй тул багш нар байнгын дэргэд нь байхаас гадна гадагшаа зөөж асгадаг гэнэ. Үүнээс гадна боловсролын тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд тутамд нэг багш ноогдоно хэмээн туссан байдаг атал 24 хүүхдэд 2 багш, нэг сувилагч үйлчилж байгаа нь тэдний эрхийг дэндүү зөрчиж байгаа асуудал хэмээн багш нар нь ярьж байна. Орон тоогоо нэмье гэсэн ч цалин, урамшууллыг нь шийдэж өгдөггүй болохоор энд ажиллах багш олддоггүй ажээ.

Уг төвд 24 хүүхэд бүртгэлтэй ч зарим өдөр 15-16 сурагч ирдэг байна. Гэвч тэдний дийлэнх нь тэргэнцэртэй. Сурах орон зай нь дэндүү давчуугаас гадна  өдөр ширээг нь хурааж унтуулдаг гэнэ. Уг нь тэд тоглоом, ерөнхий эрдэм, амьдрах ухаан гэсэн гурван үе шаттайгаар энд суралцдаг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД