“Лоолойгийн найзууд” Азийн хүүхдийн кино наадмын шилдэг бүтээлийн цомын эзэн болов

2014 оны 12 сарын 03

ТВ-9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн уран бүтээлч хүүхдүүд Азийн хүүхдийн кино наадмын шилдэг бүтээлийн цомын эзэн болжээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-нд Японд болсон тус кино наадамд Монгол орноо төлөөлөн есөн хүүхэд оролцсоноос “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч, “Адтай жаалууд” киноны уран бүтээлч хүүхдүүд болох Б.Ёндонжамц, Ө.Энхжаргал, Б.Хурцбилэг нарын  “Авдрын амттан” богино хэмжээний кино шалгарчээ. Тус наадамд 16 орны хүүхдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн байна.

Өсвөр насныхны дунд зохион байгуулдаг энэхүү наадамд “Миний мөрөөдөл” сэдвийн дор хүүхдүүд зохиолоо өөрсдөө бичжээ. Тэд мөрөөдөл гэдгийг томоор биш жижиг зүйлээр харуулахаар шийдсэн гэж ярьж байна. Тус бүтээлд 5-6 насны хоёр хүүхэд ээжийн авдарнаас ааруул авч идэхийн төлөө тэмцэж, зүтгэж байгаа талаар өгүүлдэг аж. Зорьсны эцэст мөрөөдөлдөө хүрч, ээжээсээ шагналын ааруул авч байгаагаар харуулжээ. Зураг авалтыг Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт долоо хоногийн хугацаанд авчээ.

Дашрамд сонирхуулахад, эдгээр уран бүтээлч хүүхдүүд Японд аялсан аялалын тухай цуврал нэвтрүүлэг бэлтгэснээ ТВ-9 телевизийн сувгаар дамжуулан удахгүй үзэгчдэд хүргэх аж. Мөн орон даяар “Сайн байна уу” аяныг эхлүүлж байгаагаа дуулгаад өдөр бүр таньдаг, таньдаггүй бүх хүмүүс хоорондоо мэндэлж, бие биенийгээ хүндэлж, соёлтой байхыг уриаллаа.