Хүүхэд ямар хүн болох нь таниас шалтгаална

2014 оны 12 сарын 03

Хүүхдүүд томчуудын толь гэдэг. Томчууд ямар үйлдэл хийнэ түүнийг бяцхан оюун ухаан тунгалаг толь мэт тусган авч, өөрийн эрхгүй дуурайн үйлдэнэ.

Харин Монголчууд бид энэ асуудлыг таг мартаж орхиод хүүхдүүдийн оюун ухааныг яг л хог шиг мэдээллээр дүүргэж байна. Хамаг муу муухай бүхнийг тэдэндээ харуулж өсгөж хүмүүжүүлчихээд эцэс сүүлд нь “одооны хүүхдүүд” хэмээн шогшрох нь утгагүй.

Монголчууд жилд 10 гаруй баяр тэмдэглэдэг. Ихэнх нь ахуйн хүрээн дэх архидалттай болж өнгөрдөг энэ баяр нь хүүхдүүдэд “сургууль төгсөхдөө архи ууна” гэх мессэжийг өгсөөр байдаг. Үр дүнд нь өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн хүүхдүүдийн 70,6 хувь нь согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэглэдэг болчихжээ.

Монголын нийт хүн амын дийлэнх нь тамхичин. Гэр орон, гудамж талбай хаа сайгүй хөлхөх тамхичид мөн л хүүхдүүдэд нөлөөлсөөр. Амандаа зуусан чигээрээ эвтэйхэн ярьж, утааг нь суунаглуулан суух аав нь цаанаа л нэг донжтой харагдах нь “тамхи татах юм сан” гэсэн хүслийг хүүхдүүдэд төрүүлсээр л байдаг. Ингээд л хорт хавдрын гол шалтгаан болсон тамхийг хүүхдүүд татсаар өдгөө 13-15 насны охидын 13,3 хувь, хөвгүүдийн 35,2 хувь нь тамхичин болжээ.

Өдөрт нийслэлд 10 гаруй хүн авто ослын хохирогч болж байгаагийн 80 хувь нь хүүхдүүд байдаг. Тэд амь насаа алдахын зэрэгцээ насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй гэсэн сүүдэр дунд амьдрах болдог. Тэгвэл өнөөдөр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө эцэг, эхчүүд нь өөрсдөө ямар ч гарцгүй газраар мал шиг л бэлчдэг шүү дээ. Эцэг, эх нь хүүхдүүдээ аюулгүй зорчдог болгоё гэвэл өөрсдөө үлгэрлэх баймаар. “Ногоон гэрэл, цагаан шугам гэж энэ шүү, ногоон гэрэл асахаар нь энэ тал руу анхаарлаа хандуулж байгаад зам  хөндлөн гардаг юм шүү” гэж зааж тайлбарлаж байгаа эцэг, эхтэй Та зам дээр таарсан уу? Ховор л байх даа.

Гудмаар зөрж өнгөрөх өсвөр насны охин халааснаасаа чихрийн том цаас гаргаснаа гудамжинд хэнэг ч үгүй хаяж орхихыг хотын хаанаас ч харж болно. Тэр хүүхдэд хог хаяхгүй байх ухамсар яагаад төлөвшөөгүй байна вэ. Хүүхдийн баяр болж өнгөрөөд удаагүй байна. Эндээс л дээрх асуултын хариуг харж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд л төв талбайдаа хог хаясаар явна. Хүүхэд нь “бие засмаар байна” гэхэд шууд л явж байгаа газраа өмдийг нь шувтлаад суулгаж орхино. Тэгэхээр одоо нийслэл хотод амьдарч байгаа атлаа гудамжны золбин нохой шиг таарсан буландаа сарьж орхидог хөвгүүдийг гайхах хэрэг байна уу. Их хотын соёлд суралцуулах ёстой эцэг, эхийнх нь ухамсар “хог дээр” байгаагаас ялгаа алга.

Монголын дунд сургуулиуд яг л Солонгост байгаа юм шиг л сэтгэгдлийг танд төрүүлнэ. Монголын ирээдүй Солонгос соёлоор өвч бүрэн зэвсэглэж, Солонгос ухамсраар хүмүүжиж, охид нь “уба” хэмээн хошуугаа цорвойлгон согтуурхаж, хөвгүүд нь хүйс нь ялгагдахаа байтлаа гангаран, пудр түрхэн аальгүйтэж явна. Монголчуудын сэтгэхүйд Солонгос соёлыг хүчирхийлэн суулгасан телевизүүд үүний гол буруутан. Хэрвээ бид хүүхдүүддээ үндэснийх нь бахархлаар хүмүүжүүлсэн бол, телевизийн өмнө тодорхой цагийн хуваарьтай суулгах чанд хатуу дэглэм баримталсан бол тэд маань ийм болохгүй л байсан.

Дээрх бүгдийн буруутан нь хүүхдүүдэд сэтгэлгүй хандаж байгаа багш нар, Монголын боловсролын систем. Мэдээж бас эцэг, эхчүүд.

Бид хүүхдээ чухам хэн болгож хүмүүжүүлээд байна вэ. Бидний өдөр тутам хийж буй үйлдэл бүхнийг хүүхдүүд хэрхэн тусгаж байгааг анзаараач. Хэрвээ та өөрөө буруу дадал зуршилтай нэгэн бол хүүхдүүдийг хараад “одооны хүүхдүүд” гэж шогширч, худал цэцэрхэхээ больсон нь дээр. Яагаад гэвэл хүүхдүүд таны тусгал юм.