“Сахиусан дара эх” өвийн батламж гардууллаа

2014 оны 12 сарын 02

Монголын хосгүй үнэт дурсгал болох баримтат өв "Сахиусан дара эх" судрыг ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэжээ.

Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв. Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин өчүүхэн ном бий. Энэ нь XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд Гандантэгчинлин хийдийн гайхамшигт гүн ухааны гурван дацангийн нэгний анги дамбын гэвш, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938) гуайн бүтээл мөн. Харин уг бичмэл дурсгал нь хэмжээний хувьд нийтийн тээврийн хэрэгслэлийн зорчих тасалбарын хэмжээтэй, өчүүхэн цааснаа шахаж бичсэн Сахиусан дара эхийн төвд бичмэл судар юм. Бүр тодруулбал уг дурсгалын хэмжээ нь 4.9x5.4 см, бичвэрийн хүрээ 4,5x5 см, зузаан нь 0.08 мм, жин нь 0.2 гр бөгөөд ХIХ-ХХ зууны зааг үед Монгол нутагт өргөн хэрэглэж байсан орос цаас ажээ.

Тэгвэл 2014 оны тавдугаар сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болсон юм. Уг судар нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бүтээл бөгөөд Тус судрыг бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Үндэсний номын сан хамтран ажилласан юм “Сахиусан дара эх” бүтээлийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвөөр бүртгэсэн батламжийг гардуулах ёслол Үндэсний номын санд боллоо. Батламжийг ЮНЕСКОГ-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан гардуулж, ССАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл, хамт Ш.Базар, СГЗ Г.Аким, СГЗ Х.Чилаажав, Доктор А.Нансалмаа нарын Үндэсний номын сангийн дөрвөн үеийн удирдлага ёслол төгөлдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.