2020 он гэхэд элэгний В,С вирусыг эмээр бүрэн эмчлэх хөтөлбөрийг санал болгов

2014 оны 12 сарын 01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн Удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Оном сангаас боловсруулсан “Эрүүл элэг үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 400 мянган хүн архаг вируст хепатитын халдвартай байна гэсэн судалгаа гарсан бөгөөд элэгний хавдраар нас барсан иргэдийн тоогоор Монгол улс Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм. Энэ тоо нь Монгол Улсын эрүүл мэндийн асуудал цаашлаад үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн өвчлөл болоод байгааг уг хөтөлбөрийг санаачлагч дурдсан.  Тиймээс тэд элэгний өвчний эсрэг тэмцэх зорилгоор Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийг санаачлан, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улсын нийт хүн амыг хепатитын вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажилгааг эрчимжүүлэх боломжтой бөгөөд 2020 он гэхэд хепатит С вирусийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эдгээж, хепатит В вирүсийн архаг халдвартай 128,000 хүнийг эмчилгээнд хамруулах боломжтой гэж үзэж байна. Мөн энэ хөтөлбөрөөр вирүст хепатитын эсрэг Дэлхий дахинд хэрэглэж буй сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг монголчууддаа санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ гэлээ.

Одоогоор элэгний С вирусыг эмчилдэг гурван төрлийн эмийг гадаадаас оруулж ирэх боломжийг судалж байна. Үнийн хувьд АНУ-д элэгний хепатит С вирусын эмчилгээнд 80 мянган доллар зарцуулдаг бол манай улс уг эмчилгээнд 900 доллар зарцуулж эмчлэх бүрэн боломжтой гэдгийг онцлон хэллээ.

Нийслэлийн Засаг дарга хөтөлбөртөө танилцсаны дараа хэлсэн үгэндээ “Юуны өмнө та бүхний хэлсэнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд занахийлж буй элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж, өвчиндөө шаналж буй иргэдийг эмчлэх боломжийг судлан ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Бидний эргэн тойронд элэгний өвчнөөр өвчилсэн 400 мянга гаруй хүн байна. Эдгээрээс 250 гаруй мянга нь Улаанбаатар хотын иргэн. Ингэхээр нийслэлийн зүгээс ч энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Элэгний хепатит С вирусыг зөвхөн эм уугаад дарж чадвал үнэхээр гайхалтай зүйл болно. Тиймээс та бүхний хэрэгжүүлэх хөтөлбөрийг бид дэмжин ажиллахад бэлэн байна” хэмээн тодотгон хэллээ. Энэ асуудлаар нийслэлийн хэмжээнд тусгай хөтөлбөр болгон хэлэлцүүлэхээр талууд тохиролцож, дахин албан уулзалт зохион байгуулахаар боллоо.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД