”Төрийн эмхэтгэл”-ийн шинэ дугаар гарлаа

2014 оны 11 сарын 28

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар өнөөдөр гарчээ.

Тус дугаарт, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг нийтэллээ. Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсөв, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ ямар байх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуулиас авах боломжтой.

Тус хуулиар, Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,708,510.1 сая төгрөгөөр, зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,603,277.4 сая төгрөгөөр, төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655,417.5 сая төгрөгөөр тус тус баталжээ.

Түүнчлэн, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар тус тус баталсан байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар, тус сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 526,294.5 сая төгрөгөөр, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 342,325.4 сая төгрөгөөр тус тус баталсаны сацуу Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталсан байна.

Эмхэтгэлд Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар,тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 400,000.0 сая төгрөгөөр баталжээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор, Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД