Малчид нийгмийн даатгалаа улирлаар нь төлдөг болно

2014 оны 11 сарын 25

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хууль санаачлагчийн илтгэлдээ “Өнөөгийн нөхцөлд иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ сар тутам хөдөлмөрийн хөлснөөсөө төлж байгаа нь малчдыг хамруулах хүрээ тааруу байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээс авч үзвэл, нийт малчдын 6 хувь нь нийгмийн даатгалаа төлдөг гэсэн дүн мэдээ гарч байгаа юм. Иймд малчид нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлдөг болохыг хуульчилж өгөхөөр уг хуулийн төслийг боловсруулсан” гэв. УИХ-ын гишүүн Д.Арвин хуулийн төсөлтэй холбогдуулж, “2012-2013 оны хооронд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэн. Энэ хуульд малчид хамрагдсан уу” гэсэн асуудлыг тодруулсан. Д.Арвин гишүүний асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ, “Тус хуульд малчид хангалттай хамрагдсан” гэсэн хариултыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Хэлэлцэж буй асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Хуулиндаа даатгуулагч гэсэн ерөнхий нэр тусгаж өгвөл иргэн, аж ахуй нэгж бүгд нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирлаар төлөх гэх болно. Иймд даатгуулагчийн нэрийг “малчин” хэмээн зааж өгөх нь зүйтэй” гэсэн санал хэлэв. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ дээрх саналыг дэмжиж байгаагаа хэлээд өнгөрсөн жилээс сайдын тушаалаар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хагас жил тутамд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг болсон. Уг тушаалыг энэ хуулиар хуульчилж, тэгснээрээ малчид ноос ноолуур, мах бэлтгэлийн үеэр даатгалаа төлөөд явах бололцоотой” гэв.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд гишүүд уг хуулийн төслийг 91,7 хувийн саналаар үргэлжлүүлэн хэлэлцэе гэдэг дээр санал нэгдэв. Ингэснээр энэхүү хууль УИХ-ын чуулганы босгыг давлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД