Зураач А.Чадраабал ”Морин Эрдэнэ” үзэсгэлэнгээ нээлээ

2014 оны 11 сарын 24

МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн монголын холбоо/ОУУБМХ/-ны тэргүүн А.Чадраабалын “Морин Эрдэнэ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Үзэсгэлэнд морины сэдвээр голлон зурсан хэдий ч орчин үеийн урлагийн өвөрмөц хэлбэр донж төрхтэй, шинэлэг зохиомж арга ажиллагаа техник ашиглаж энэ онд бүтээсэн 30 гаруй тосон будгийн бүтээлийг дэлгэх юм.

Бүтээлүүд нь өөр хоорондоо ижил бус тус бүрдээ гүн утга санаа агуулсан, зохиомж авалт дүрсийг илэрхийлж байгаа нь зөвхөн товч бөгөөд цөөн тооны нарийн  зураасаар хэлбэр дүрсээ дүрслэн илэрхийлж, зургийн гол дүрийн зарим нэг жижиг хэсэгт илүү бодит болгон нарийн зуралтаар  бичиж гаргаж ирсэн нь өмнөх үзэсгэлэнгүүдээсээ онцлог бөгөөд шинэлэг болжээ.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард бэхэн зургийн, есдүгээр сард “Саруул талын өглөө” бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргасан юм. Мөн энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Хийморь” Олон улсын үзэсгэлэн, дөрөвдүгээр сард Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэх Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж, гуравдугаар сард Тайваний Кенмен хотноо зохион байгуулсан ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон Олон улсын “Саммит” үзэсгэлэн, наймдугаар сард МУЭ, Хөх хотын “Их зуу” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнд “Нартай өдөр”, “Морины зохиомж” бүтээлээрээ оролцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД