Алтан-Өлгийн оршуулгын газрыг сайжруулна

2014 оны 11 сарын 20

Нийслэлийн Засаг дарга “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай” А/971 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийн тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэхийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд, тохижилтын ажлын зураг төсөлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ –д даалгалаа.
Алтан-Өлгийн оршуулгын газрын эргэн тойронд 300 метр зайд зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хянаж, жил бүрийн нийслэлийн төсвийн төсөлд тусгаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, Цаашид Алтан-Өлгийн оршуулгын газрын оршуулгын үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагад холбогдох хууль, журмын дагуу хариуцуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД