Шүүхийн эцсийн шийдвэрээр төлбөр авагчийн эрх ашгийг хангана

2014 оны 11 сарын 19

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин найруулгын шинжтэй санал хураалгахад дараах тайлбарыг өглөө.

Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Банкны тухай хуульд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах тухай зохицуулалтыг, түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай зохицуулалтыг тус тус нэмж зохицуулсан байна.

Ингэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй явуулж, төлбөр авагчийн эрх ашгийг богино хугацаанд хангах үүднээс төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг үнэн зөвөөр гаргуулж авах, төлбөр төлөгч оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтөө тухай бүр мэдэгдэж байхаар үүрэгжүүлэх, төлбөр төлөхөөс зайлсхийж гадаадад зорчих магадлалтай төлбөр төлөгчийг хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх санал гаргах эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгох санал тусгагджээ.

Мөн Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнэд суурилан тогтоож байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг өөрчилж, талуудын харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон үнээс тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоох, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой, ойлгомжтой зохицуулахаар тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүд дээрхи хоёр асуудлаар асуулт гараагүй учир найруулгын шинжтэй санал хураалтыг хураалган, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал, нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн дүгнэлтийн хоёр заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин шударгаар шүүгдэхийг төр хангах заалтыг нь хүлээн зөвшөөрөх боломжтой гээд байнгын хорооны хуралдаанд эдгээр заалтыг тус тусад нь хураалгасан нэгдсэн чуулганы хуралдаанаар яагаад бөөнд нь санал хураалгасныг асууж байлаа.

Эцэст нь Үндсэн Хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинийг томилоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД