Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг дэмжив

2014 оны 11 сарын 19

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Улсын ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар, 2004 оноос хойших хүн ам зүйн өөрчлөлтийг энэ бодлогын гол зорилго болгож, уг өөрчлөлтийг тойрсон хүн амын асуудлыг цогц байдлаар олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсуудтай хийсэн гэрээ хэлэлцээр, МХЗ-ууд, ХАХОУБХ-ын ҮАХ зэрэг нь энэхүү бодлогын ерөнхий хүрээг тодорхойлж өгч байгаа ба үндэсний эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл зан заншилтай холбоотой олон тулгамдсан асуудлууд энэхүү бодлогын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтын илэрхийлж өгч байна. Бодлого нь хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг чиглүүлж буй хэд хэдэн зарчмуудад тулгуурлаж байна. Эдгээр зарчмууд нь уг бодлогын үйл ажиллагаа, үр дүнгийн хэрэгжилтийн хүрээг тодорхойлж, арга замыг ч зааж өгч байгаа юм. 2004 оны хүн амын бодлогоор дэвшүүлэгдэж байсан ч шийдэгдээгүй хүн амын тулгамдсан асуудлууд энэхүү шинэ бодлогод тусгагдсан тул 2004 оны бодлогын зарим зорилго, зорилтуудын агуулга шинэ бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтуудын агуулгатай давхцаж байгаа юм.

Бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхийг зорьсон гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, хүн хөгжих орчин бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл энэ талаар төр, засгаас тодорхой хийж гүйцэтгэх ажил үгүйлэгдэж байна. Өнөөдөр хүн хөгжих нь байтугай төрөөс үйлчилгээ авах асуудал хүнд байгаа гээд, хүн хөгжих орчин гэдгийг юу гэж ойлгох талаар тодотгосон.

Монгол хүний хөгжлийн асуудлыг сүүлийн 20 гаруй жил орхигдуулж ирсэн. Энэ бол маш том алдаа байсан гэж харж байгаа. Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг баталснаар эрх зүйн тодорхой шинэчлэлүүдийг хийх шаардлага гарна. Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд өргөн баригдаад байна. Өнөөдөр эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа хүн амын хөгжлийн цоо шинэ эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, төрөөс хүн амын талаар баримтлах цогц бодлогын хүрэх үр дүнг илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, бодлогын гол зорилго нь хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх асуудал гэдгийг чухалчилж, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэй гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 92,2 хувийн саналаар дэмжлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД