”Дэлхийн 00-ын өдөр” тохиож байна

2014 оны 11 сарын 19

Дэлхийн ОО-ын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд боллоо. Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч буйгаас 1,1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байдаг аж. Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг юм байна.

Манай улсын нийт хүн амын 65% нь нийслэлийн хүн амын 63% нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байгаа аж. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 63% нь гэр хороололд амьдарч тэдгээрийн 85- 89% нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулах шаардлагатай /био 00 ашиглах/ байгааг харуулж байна.

Өндөр хөгжилтэй ихэнх орон энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна. Өнгөрсөн жил дэлхийн 00-ийн өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ил задгай бие засах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна хувь хүний аюулгүй байдал болон эрхэм чанарыг алдагдуулдаг байна.

Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байгаа ба үүний улмаас охид бүсгүйчүүдийн хувийн нууц алдагдаж ичгүүртэй байдалд орох улмаар хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Мөн “Бид хүлээж чадахгүй” уриа нь ялангуяа нийгмийн эмзэг бүлэг болох охид эмэгтэйчүүдийн ил задгай бие засах явдлыг яаралтай эцэслэн шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна гэсэн санааг дэлхий нийтэд ойлгуулах зорилготой юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД