МАН-ын Шинэчлэлийн хорооноос уриалга гаргажээ

2014 оны 11 сарын 19

МАН-ын Шинэчлэлийн хорооны Бага хурлын анхдугаар хуралдаан “Нийгмийн хөгжлийг хангаж, намуудын төлөвшлийг гүнзгийрүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх” уриан дор явагджээ. Тус хуралдаанаас дараахь уриалгыг гаргасан байна. 

Монгол Ардын Намын Шинэчлэлийн Хорооны үйл ажиллагаа нь Монголын нийгмийн хөгжлийн бүхий л салбарыг хамруулсан шинэчлэлийн цогц хөтөлбөрийг боловсруулан, бодлого дэвшүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаас гадна Монгол дахь улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох, бодлого, хөтөлбөрийг шинэчлэхэд чиглэгдсэн шинжлэх ухаанд суурилсан судалгааны ажлуудыг явуулах, хамтран ажиллах, намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох санал, зохицуулалтыг хууль, тогтоомжинд тусгуулж, хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

Монгол Ардын Намын Шинэчлэлийн Хорооны Бага хурлын Анхдугаар хуралдаанаас Монгол дахь улс төрийн намуудад хандан УРИАЛГА гаргаж байна. Үүнд:

Төрийг эрүүлжүүлэх, нийгмийг хөгжүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийн хүрээнд улс төрийн намуудын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрч, үүнтэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт, бүх шатны улс төрийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хийх;

Төрийн үйл ажиллагааг намын явцуу эрх ашиг, бүлэг, фракц, ашиг сонирхлын зөрчил бүхий улс төрчдөөс ангид байлгаж, хэвлэл, мэдээллийн салбарын хараат бус, бие даасан байдлыг хангаж, улс орны нийтлэг эрх ашгийг хүндэтгэн Монгол улсын Засгийн газрыг яаралтай байгуулах;

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, алдаатай бодлого, шийдвэрүүдийг засан сайжруулж, өрийн бодлого, шинэ менежментийг боловсруулж, валютын ханшын өсөлтийг зогсоож, Монгол банкны үйл ажиллагааг сайжруулж, бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх;

Иргэдийн худалдан авах чадварыг сайжруулах арга хэмжээ авч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохицуулалтад хяналт тавьж, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

Монгол Ардын Намын Шинэчлэлийн Хорооны Бага хурлын Анхдугаар хуралдаанаас гаргасан бидний саналыг дэмжиж хамтран ажиллах саналыг Монголын Улстөрийн намуудад УРИАЛЖ байна гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД