Налайх дүүрэгт Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо

2014 оны 11 сарын 19

УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж байна. Шат дараатайгаар хийгдэх уг ажлыг нийслэлийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх санал авах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Налайх дүүрэгт Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, дүрмийн төслийг боловсруулж буй “Ач холдинг” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Даваа, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар болон иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөхөөр болсон. Энэ ажлын дагуу  Налайх дүүргийг Улаанбаатар хотын дагуул хот болгохоор үндсэн дүрмийг анх удаагаа иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх гэж байна. Бидний төлөвлөж байгаагаар одоогийн Налайх дүүргийг нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш хотын статустай болгохыг зорьж байна. Энэ дүүрэг нь нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай буюу нийслэлийн дагуул хот болон хөгжиж дэвших бүрэн боломжтой юм. Налайх хот болсноор нийслэлээс татвар, орлого, төсвийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн татварыг төсөвтөө төвлөрүүлэн түүгээрээ асуудлаа шийддэг болно. Хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна.  Та бүхэн хотынхоо Захирагчийн хүртэл ямар нэгэн намын оролцоогүйгээр өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэлээ.

Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон Налайх дүүргийн иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтандаа оролцох эрх олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, төслийн боловсруулалтын санал авах ажиллагаанд идэвхтэй оролцоно гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-аас боловсруулж буй Хотын үндсэн дүрэм нь хотын иргэдийн санал асуулгаар дэмжигдэн батлагдах бөгөөд хотыг үүсгэн байгуулахыг тунхагласан, баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм. Иргэд эвлэлдэн нэгдэж, хотыг байгуулахдаа хотын үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх болно.
Налайх хотын үндсэн дүрмийн төслийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баннер хэсэгт байрлуулсан байна. Иргэд уг төсөлтэй танилцан 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажлын цагаар 11-329169, 11-327145 утсаар холбогдож өөрийн саналаа илэрхийлэх боломжтой. Мөн www.enkhjil_s@yahoo.com, www.bayalag_d@yahoo.com хаягаар захидал илгээгээрэй. Дүрмийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Багануур дүүрэгт үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.