ШУА-ийн Ерөнхийлөгч Унгар улсад ажлын айлчлал хийв

2014 оны 11 сарын 18

Унгар Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б. Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Унгар Улсад ажлын айлчлал хийлээ.

 Ажлын айлчлалын хүрээнд тус хоёр улсын ШУА-ын хооронд шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Гэрээг шинэчлэх, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд 2015-2017 онд хамтран ажиллах тухай Протокол байгуулах асуудлаар ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Унгарын ШУА-ийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийн баримт бичигт гарын үсэг зурлаа. ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Чулуун, Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Я.Цэрэндавга нарын бүрэлдэхүүнтэй ШУА-ийн зочид төлөөлөгчид Унгарын ШУА-ийн Байгалийн ухааны судалгааны Төв, Хүмүүнлэгийн ухааны Судалгааны Төв, Унгарын Үндэсний музей, Унгарын Угсаатны музейд тус тус зочлон судлаач эрдэмтэдийн тавьсан эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа шинжилгээ, олдвор ховор үзмэрүүдтэй танилцаж, хоёр орны ШУА, хүрээлэн хоорондын шууд хамтын ажиллагааны талаар санал бодолоо солилцов. Мөн “Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Унгарын Үндэсний түүхийн музейн хооронд судалгаа хийх, ном бүтээлүүд хэвлүүлэх, эрдэмтэд харилцан солилцох, хээрийн судалгаа хамтран зохион байгуулах тухай Хамтын ажиллагааны Гэрээ тус тус байгуулав. Айлчлалын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн Монгол ба Дорно Дахины хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан “Монгол судлалын Төв”-д зочилж, тус төвийн үйл ажиллагааны нээлтэнд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцон “Монгол Улсын ШУА ба Монгол судлалын асуудал” сэдвээр эрдэмтэд, судлаач, багш оюутнуудад лекц уншлаа. Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшингийн айлчлалын үеэр хоёр орны ШУ-ны салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий унгар эрдэмтдийг ШУА-ийн дээд шагнал, эрдмийн зэрэг цол, өргөмжлөлөөр шагнан урамшуулж, Академи, хүрээлэн, зарим их дээд сургуулиудад ном, бүтээлийн дээжээс гардуулах үйл ажиллагаа болов. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД