Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналын эзэн тодорно

2014 оны 11 сарын 18

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.

 Уг шагналыг жил бүр нэг хүнд эсвэл судлаачдын нэг багт олгох ба шагнал нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалдана. Шагналыг жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр гардуулж байхаар шагналын журамд тусгажээ.

Мөн нэр дэвшигчдийг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагаас тодруулж, холбогдох баримт бичгийг нь УИХ-ын Тамгын газарт жил бүрийн  12 дугаар сарын нэгний өдрийн дотор хүргүүлж байх гэнэ. Судлаач, эрдэмтдийн хамтарсан баг 3 хүртэлх нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулж, зөвлөл нэг хүнийг шалгаруулах аж. Шагнал олгох шаардлага хангасан бүтээл ирээгүй гэж үзвэл тус зөвлөл тухайн жилд шагналыг олгохгүй эрхтэй гэж энэ үеэр мэдээллээ.