Шаардлагатай авто замуудад нөхөн сэргээлт хийж байна

2014 оны 11 сарын 17

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ авто замын нөхөөс, хайс хашлаганы засвар, арчлалт, гүүр хоолойн урсгал засвар, авто замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээний нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Нийслэлийн Авто замын газартай хамтран үзлэг шалгалт хийсний дүнд гудамж талбайн шаардлага хангахгүй болсон хашлагуудын судалгаа гаргадаг. 2014 онд Үйлдвэрчний Эвлэлийн Гудамж, Энхтайваны Өргөн Чөлөө, Дамдинсүрэнгийн гудамж, Хувьсгалчдын гудамж /Тасганы овооны уулзвараас Зурагтын буудал хүртэл/ зэрэг байршлын шаардлага хангахгүй байгаа авто замын хашлагуудыг солих ажлыг 187 сая төгрөгийн төсөвтэйгээр гүйцэтгэж байна.
Замын хашлага бүрэн бүтэн байх нь авто замаар зорчиж байгаа жолоочийн өөртөө итгэх итгэлийг сайжруулдаг. Ингэснээр жолооч өөрийгөө болон өрөөлийг осолд орохоос сэргийлж чадах бөгөөд замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой. Мөн эвдэрч хэмхэрсэн хашлага нь авто замын зорчих хэсэг, явган хүний зам хооронд тусгаарлах байдлыг алдагдуулж, явган зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, гудамжны өнгө үзэмжийг бууруулдаг тул эвдэрсэн 2400 ум хашлагыг сольж шинэчлэх ажил хийж байна.
Харин энэ ажлын хүрээнд эвдрээгүй буюу ашиглалтын шаардлага хангаж байгаа хашлагануудыг огт солиогүй болно. Мөн хашлага солих явцад хуулсан явган замын хавтанг буцаан суулгаж байгаа бөгөөд ямар нэгэн зардал гаргаагүй юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД