”Төрийн эмхэтгэл”-ийн шинэ дугаар гарлаа

2014 оны 11 сарын 17

УИХ-ын УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд “мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зориулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө хуваарилах” гэсэн заалтыг, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэсэн хэсгийг тус тус нэмсэн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

Үүнд, төрөөс эмийн талаар баримтлах бодлогын зорилго, бодлогын хүрээнд шийдвэрлэх зорилт ямар байх, эмийн чанар, аюулгүй байдлын баталгааг ямар чиглэлээр хангах, эмийн зохистой хэрэглээг хэрхэн хангах энэ хүрээнд эмнэлзүйн удирдамж, эмийн жор бичилт, эм олголт, хяналтыг болон зайлшгүй шаардлагатай эмийн сонголтыг ямар чиглэлээр хэрэгжүүлэх, эм худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалтыг хэрхэн хангах зэрэг асуудлыг нарийвчлан тогтоож өгсөн байна.

Эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ, эмийн хангамж, хүртээмжид эмчилгээний идэвх, чанартай, аюулгүй, тэгш байдал, үр ашгийг чухалчлах, эмийг зохих тун хэмжээгээр зааврын дагуу бичих, олгох, хэрэглэх дадлыг иргэн болон хүн, мал эмнэлгийн мэргэжилтэнд төлөвшүүлэх, эм зүйн тусламж, үйлчилгээнд шударга, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх, судалгаа, нотолгоо, шинжилгээнд суурилах, бодлогыг хэрэгжүүлэхэд сонирхогч бүх талууд, олон улсын байгууллага, төрийн байгууллагын оролцоог ханган хамтран ажиллах үндсэн зарчмыг эм зүйн тусламж, үйлчилгээнд баримтлахаар байна.

Эмхэтгэлд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай, Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Шинэ дугаарт нийтлэгдсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолоор, хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүрт 2015 онд сар бүр 20 000 /хорин мянга/ төгрөгийн хүүхдийн мөнгө олгохоор тогтоожээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.