Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд шалгалт хийнэ

2014 оны 11 сарын 17

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас ойрын үед шалгалт хийхээр зэхэж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн олон байдаг үйлчилгээний байгууллагын нэгд хувийн эмнэлэг ордог. Хамгийн сүүлд 80 гаруй шүдний эмнэлэгт НМХГ-аас шалгалт хийхэд цөөнгүй ноцтой зөрчил илэрч зарим эмнэлгийн үйл ажиллагааг зогсооход хүрсэн байна. Тухайлбал, ариутгал хийгддэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн зүү, үзлэгийн хуванцар толийг угааж дахин ашигладаг, эмнэлгийн яаралтай тусламжийн эм тарианы хангалт дутуу, зарим эмнэлэгт огт байхгүй, жижиг мэс ажилбар явуулдаг эмнэлгүүд хяналтын хуудас, үйлчлүүлэгчдээс зөвшөөрлийн хуудас авч баримтжуулдаггүй зөрчил илэрчээ. Мөн үйлчлүүлэгч дэд мэс ажилбарын талаар болон гарч болох эрсдэл хүндрэлийн талаар тайлбар мэдээллийг дутуу өгч байгаа зэрэг зөрчлүүд ч гарсан байна.

Шүдний эмнэлгүүд нь эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр хийгдэх үйл ажиллагааг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгож байв. Зөвхөн ганц чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд ийм олон зөрчил илэрч байхад бусад төрлийн өвчнийг анаагаах эмнэлгүүдээс зөрчил, дутагдал илрэхгүй гэх баталгаа үгүй юм.

Иймээс ч иргэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд мэргэжлийн хяналтынхан шалгалт үзлэг хийж байхыг байнга шаарддаг. Энэ ажлын хүрээнд хувийн хэвшлийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгаж цэгцлэхээр болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД