Төв аймгийн уран бүтээлчид үзэсгэлэн гаргаж байна

2014 оны 11 сарын 14

Төв аймгаас төрөн гарсан зураач уран бүтээлчдийн үзэсгэлэнг “Төв нутгийн өнгө-2014”  нэртэйгээр өчигдөрөөс эхлэн МУЭ-ийн  BEST галерейд  зохион байгуулж байна. 

Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл, Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Төв нутгийн амжилт-Алтан намар-2014”  арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэнд нийт 32  уран бүтээлчийн 40-өөд  бүтээл /баримал, уран зураг, зураасан зураг/ олны хүртээл болж байна. Сэдвийн хувьд ихэнх уран бүтээлүүд Төв нутгийнхаа байгалийн сайхан,  намар цагийн онцлогийг  өөрсдийн өнгө будгийн  гайхамшгаар дүрслэн   үзүүлснээрээ онцлогтой.

Төв аймгаас төрөн гарсан Ардын зураач Ч.Гунгаасүх, Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, Төрийн шагналт, УГЗ Ш.Чимэддорж, УГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ц.Нарангэрэл,  Г.Дунбүрээ,  УГЗ Ц.Базарваань,  УГЗ, бурханч лам Г.Пүрэвбат нараас гадна МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Н.Адьяабазар, урлаг судлалын доктор, профессор Ц.Эрдэнэцог, урлаг судлалын доктор П.Байгаль, С.Батчулуун болон залуу уран бүтээлчид бүтээлээрээ оролцож байгаа юм. Тус үзэсгэлэн долоо хоног олны хүртээл болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД