Карлделл Жонсон Үндэсний супер лигт тоглохоор ирлээ

2014 оны 11 сарын 13

NBA буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “New Orleans Hornets” багт хүчин зүтгэж байсан мэргэжлийн тоглогч Карлделл Жонсон Монголын Үндэсний супер лигт тоглохоор хүрэлцэн ирлээ. Түүний хувьд 1983 онд АНУ-ын Нью-Орлеан хотод төрсөн.

Тэрээр 2002-2006 оны хооронд Солт Лейкийн коллеж болон Алабамагийн Бирминхэмийн их сургуулийн багуудад тоглож байсан. Энэ хугацаандаа 2006 онд NCAA-н нэгдүгээр дивизионы эхний багт нэрлэгдэж байснаас гадна энэ жилдээ конференцийнхоо шилдэг хамгаалан тоглогчоор тодорсон шилдэг тоглогч юм.

Мөн 2005 оны аравнэгдүгээр сард Өмнөд Каролинагийн их сургуулийн эсрэг хийсэн тоглолтод 12 удаа бөмбөг таслалт хийж, NCAA-н нэгдүгээр дивизионы түүхэнд хоёрт орох түүхэн статистик үзүүлжээ. Улмаар 2006 онд NBA-д нэрээ дэвшүүлж байсан ч сонгогдож чадаагүй байна. Улмаар 2006-2007 онд Бельгийн мэргэжлийн лигийн “Вервиерс Пепинстер” баг, Мексикийн дээд лигийн “Халконес де Халапа” багуудад тоглохдоо дунджаар 15,7 оноо, 3.3 самбараас бөмбөг авалт, 5.0 оновчтой дамжуулалт дундажлажээ. Улмаар 2007-2011 оны хооронд NBA-н Сан Антонио Спөрс багийн Хөгжлийн Лигийн баг болох “Остин Торос” баг багт дөрвөн жил тоглосон байна.

Энэ хугацаанд тэрээр ур чадвараа үнэлүүлж чадсанаар 2011 онд төрөлх хотынхоо “New Orleans Hornets” багт сонгогдож чадсанаар хүсэл мөрөөдлөө биелүүлж, NBA-н талбай дээр хөл тавьсан юм. Мөн тэр жилийнхээ NBA-н Зуны Лигт Атланта Хоукс багийн өмсгөлийг өмссөн байна. Үүний дараагаар буцаад NBA-н Хөгжлийн лигийн “Остин Торос” багтаа ирж, 2012 онд NBA-н Хөгжлийн лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй цол хүртжээ. Тэрээр 2014 он хүртэл “Остин Торос” багтаа тоглоод, өнгөрсөн улиралд Венесуэлийн лигт тоглосныхоо дараагаар, ийнхүү Монголын Үндэсний супер лигт хүрэлцэн ирж байгаа нь энэ юм.

NBA-н талбай дээр тоглож байсан Карлделл Жонсоны уран гоё дамжуулалт, шилдэг хамгаалалт, бөмбөг таслах чадвар нь Монголын сагсан бөмбөгт том хөрөнгө оруулалт болох биз. Энэ жилийн Үндэсний Супер Лигийн тэмцээн 11 сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД