Монголын түүхийн салбарын онцлох бүтээлийг шалгаруулав

2014 оны 11 сарын 13

АНУ-ын Монголч эрдэмтэн Жек Уэтерфордын нэрэмжит сангаас санаачлан Монголын түүхийн салбарын оны онцлох бүтээлийг гурав дахь жилдээ тодрууллаа.

Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр УДБЭТ-т болов.  Оны шилдэг бүтээл тодруулах шалгаруултад түүх судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн багш эрдэмтэд, түүхч, судалгааны байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс оролцож саналаа нэгтгэсэн юм. Монголын түүхийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж буй эрдэмтэн, судлаачдыг урамшуулан дэмжих зорилготой оны шилдэг бүтээлийн шагналыг энэ удаа судлаач  О.Батсүх Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж бичсэн 800 зураг, 800 хуудас бүхий “Хубилай хаан: Монголын Их Юань улс” судалгааны ном хүртлээ. Харин "Онцлох" бүтээлийн тусгай шагналыг түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатарын “Монголчууд” түүхийн сонсдог ном, "Сонгодог" судалгааны бүтээлийн тусгай шагналыг судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” судалгааны бүтээл тус тус хүртэв.

Энэ үеэр нэрт эрдэмтэн Жек Уэтерфорд "Чингис хаан ба Шашин шүтэх эрх чөлөө”, шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар "Чингис хаан ба Хубилай хааны анхны гадаад харилцааны бичгүүд" сэдвээр түүх сонирхогчдод зориулан лекц уншсан юм.

Дашрамд сонирхуулахад, 2011-2012 оны хооронд түүх судлалаар гарсан бүтээлүүд дотроос Шинжлэх ухааны доктор, профессор Д.Сумъяабаатарын "Монголын нууц товчооны хэлбэр судлал" бүтээл шилдгээр шалгарч байсан юм. Харин хоёр дахь удаагийн буюу 2012 оны түүхийн салбарын шилдэг бүтээлээр Монгол судлаачдын хамтран бичсэн "Чингис хааны өв" ном тодорч байв.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД