Цогц үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна гэв

2014 оны 11 сарын 13

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, Хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны хурал болов.  Тус хурал нь аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсээс "Ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл” сонслоо.

Тус аймагт өрхийн амьжиргааны төвшин тодорхойлох судалгааг хийсэн гүйцэтгэл, уг судалгаанд тулгуурласан зорилтот 527 өрхийг сонгон авч ажилласан үр дүн, ядуурлыг бууруулах талаар цаашид хэрэгжүүлэх ажлын талаар аймгийн НХҮХ-ийн албаны дарга Б.Чанцал танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ: “Халамжийн чиглэлээр иргэдийг “Халуун хоол” хөтөлбөр, “ГОТИ”-1, 2 төсөл, “Түмний төлөө түмэн”, "Памперс витаминжуулалт", “Нэг дэвтэр-Нэг үзэг” аяныг өрнүүлж шаталсан сургалтууд, эрүүл мэндийн үйлчилгээнд болон мэргэжил олгох сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж ирлээ. Мөн бичиг баримтгүй иргэдийг бичиг баримттай болгох, архины эмчилгээнд хамруулах, газар эзэмших эрхийн бичиг авах, ажилд зуучлах, тэтгэвэр тэтгэмжид хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг байнга зохион байгуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот үйлчилгээний хүрээнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, эрүүл, мэнд, боловсролын тусгай   үйлчилгээ,  нийгэмшүүлэх ажлыг хийх шаардлагатай. Тогтвортой ажлын байр, хүн амд чиглэсэн хөтөлбөр, орон сууцны хангамжид анхаарч гэр бүлийг дэмжих  боломж байна. Иймээс дан ганц байгууллага шийдэх биш бусад төрийн байгууллагуудын хамтарсан цогц үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна” гэв. Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны гишүүд тодорхой асуудлыг тусгасан, нарийн тооцоотой төслийг боловсруулая. Уг төслийг хорооны хурлаар дахин хэлэлцэж аймгийн ИТХ-д оруулж зохих шийдвэрийг гаргуулж санхүүжүүлэх боломжийг судлахаар болов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД