Залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болно

2014 оны 11 сарын 13

Монгол Улсын өсөх идэр начин, бөхийн жүдо, самбо барилдааны спортын мастер Ж.Чулуун  агсны нэрэмжит 2014 оны үндэсний бөхийн барилдааны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-7-нд Дархан-Уул аймагт болно.

Монгол Улсын алдар цуут аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудын залгамж халаа залуу бөхчүүдийг бэлтгэн тодруулах, үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн уламжлуулах зорилготой энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Уг тэмцээнийг 1968 оноос эхлэн Монгол Улсын аварга шалгаруулах залуучуудын 19-20 насны хөвгүүдийн барилдаанаас медальт байранд шалгарч бөх болох гараагаа эхэлсэн олон бөх бий. Тиймээс ч үндэсний бөхийн алдарт хүрсэн бөхчүүдийг алдаршуулах ирээдүйн хүчит бөхчүүдийн эгнээг өргөтгөсөн гэдгээрээ чухал ач холбогдолтой.

Мөн шилдэг начин, самбо, жүдо бөхийн спортын мастер, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн бөх хэмээх Ж.Чулуун агсны алдрыг мөнхжүүлэх зорилготой тус барилдааныг зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс 1995 оны 12-р сарын 31-ны хооронд төрсөн /19-20/ хөвгүүд барилдах эрхтэй. Тэмцээнд нэг багаас оролцох бөхчүүдийн тоог хязгаарлахгүй. Нэг багийн хамгийн өндөр оноо авсан хоёр бөхийн давааны нийлбэрээр дүнг гаргах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД