Н.Ганбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно

2014 оны 11 сарын 12

Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 12-13 -нд Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бѳхийн “Тулгат” клуб хамтран чөлөөт бөхийн шилдэг тамирчин, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатар агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар болов.

Н.Ганбаатарын чөлөөт  бөхийн спортод оруулсан хувь нэмэр, түүний эхлүүлсэн түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэх,  тамирчдын барилдааны ур чадвар, багийн жигд өрсөлдөөнийг дээшлүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх багийн сэтгэл зүйг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион явуулах юм. Тус тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй багууд 8 жинд, 10 хүртэлх тамирчинтай оролцох бөгөөд нэг багт гурваас илүүгүй легионер бөх байж болно. Тамирчид - 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн найман жинд хүч, ур чадвараа сорин барилдана.

Энэ тэмцээний шагналын сан өндөр  бөгөөд нэгдүгээр байр  6 сая төгрөг, хоёрдугаар байр 4 сая төгрөг,  гуравдугаар байр  2.5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн шилдэг шүүгч, дасгалжуулагч, өсөх ирээдүйтэй тамирчин шалгаруулж, тусгай шагнал олгоно хэмээн зохион байгуулагчид ярьж байв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД