“Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл” хэлэлцүүлэг болно

2014 оны 11 сарын 10

“Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тэмцэх тэмцэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 21-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗЯ, ССАЖЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс 1954 оны Гаагийн Конвенцийн 60 жилийн ой, Монгол Улс тус Конвенцид нэгдэн орсны 50 жилийн ойг тохиолдуулан Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд соёлын өвийг хамгаалах эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж. Уг хэлэлцүүлгийн үеэр соёлын өвийн гэмт хэргийн өнөөгийн байдал, УИХ-д өргөн баригдсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийн Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн бүлгийн талаар үндэсний мэргэжилтнүүд илтгэл тавьж, санаа оноогоо солилцоно. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулинд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай бүлэг гэж одоогоор байхгүй, УИХ-д өргөн баригдсан Гэмт хэргийн тухайн хуулинд “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг шинээр орсон нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал алхам болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2011 онд Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд үндэсний мэргэжилтнүүд Засгийн газарт хандан зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжид Соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалтад түүх, соёлын үнэт зүйлийг хулгайлж, үрэгдүүлсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дахин нягталж, хууль тогтоомж зөрчигдөд ноогдуулах торгуулийг нэмэгдүүлэх, Эрүүгийн хуульд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн тухай тусгай бүлэг нэмж оруулах нь зүйтэй хэмээн дурдсан байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД