Тогны мөнгө яагаад их гардаг вэ?

2014 оны 11 сарын 10

Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэмнэлт хийх ямар аргууд байдаг юм бол?


Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвших зэрэг алхмуудыг хийхэд л хангалттай. Цахилгаан хэрэгслийн зөв ашиглалт гэж яг юуг хэлээд байгаа талаар жишээтэй тайлбарлая.


Ашиглахгүй байгаа ч разеткад залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт айл бүрт байгаа, энэ бол энгийн жишээ. Унтраасан ч гэсэн залгуур нь цахилгааны тэжээлд холбогдсон болохоор цахилгаан хэрэглэсээр байдаг гэнэ. Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсоовол өрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.


Мөн цахилгаан хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа хэмнэх энгийн аргууд байдагийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.
Цахилгаан чийдэн - Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин урт дээр нь тогийг 60 хувиар бага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.
Цонх - Шилийг цэвэрхэн тунгалаг байлгаж, байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиар хэмнэнэ.
Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэн байх нь цахилгааныг  70% хүртэл хувиар хэмнэнэ. 
Тоос сорогч - Тоос сорогчийн чадал их байх нь чухал биш тул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыг сонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тог хэмнэнэ. Богино долгионы зуух – Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладаг бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмд хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх нь бас л хэмнэлт.
Хөргөгч - Ам бүлийн хэрэгцээндээ таарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмд хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалга нь сайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.
Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх! Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтай ойр байлгах нь эрчим хүч их зарцуулахад хүргэдэг байна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.
Индүү - Хувцаснуудаа нэг дор, халууны тохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.
Мэдээлэл холбооны хэрэгслүүд - Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах нь тогонд хэмнэлттэй. Жишээ нь: Зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна.
Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаа тодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур нэг кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 60 төгрөг /НӨАТ-гүй/-өөр,  өглөөний 06:00 ц-аас оройн 21:00 хүртэл 84 төгрөг /НӨАТ-гүй/-өөр тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг кВт.цаг цахилгааныг өдөр шөнийн аль ч цагт 150 кВт.ц хүртэлхийг 79 төгрөг, 151 кВт.ц-аас дээшхийг 96 төгрөг 60 мөнгө /НӨАТ-гүй/-өөр тогтмол тооцдог.


Илүү ойлгомжтой болгохын тулд тарифт электрон тоолууртай, 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй өрхийн тооцоог жишээ болгон бодъё. Сарын дундаж цахилгааны хэрэглээ нь 200 кВт.ц байх бөгөөд нийт хэрэглээний 70 хувь буюу 140 кВт.ц цахилгааныг өдрийн цагаар, үлдсэн 30 хувь буюу 60 кВт.ц-ийг шөнө хэрэглэсэн гэж үзвэл тухайн сарын өдрийн хэрэглээ 11760, шөнийн хэрэглээ нь 3600, нийт зардал 15360 төгрөг болж байна. Хэрэв дээрх 200 кВт.цаг хэрэглээг хар тоолуураар тооцвол  150 хүртэлх кВт.ц нь 11850 төгрөг, үлдсэн 50 кВт.ц нь 4830 төгрөг нийт 16680 төгрөг гарна. Электрон тоолууртай айлын 1 сарын хэмнэлт 1320 төгрөг, жилийн хэмнэлт 15840 төгрөг болно. Энэ өрх цахилгаан хэрэгслүүдээ зөв ашигладаг бол ахиад ч хэмнэлт хийх боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тог их иддэг индүү, тоос сорогч, угаалгын машин зэргээ оройн 21 цагаас хойш ашиглах юм бол өдөр шөнийн тарифт тоолуурын ашгийг дахин гаргана.


Тарифт электрон тоолуурыг 8 жил тутамд нэг удаа засвар, тохируулга хийж баталгаажуулахад 11660 төгрөг байдаг бол хар тоолуурыг 3 жилд нэг удаа засвар, тохируулга хийж баталгаажуулахад 8690 төгрөг болно. Хар тоолуурыг 26070 төгрөгөөр 3 удаа баталгаажуулах хугацаанд  электрон тоолуурыг нэг л удаа 11660 төгрөгөөр баталгаажуулах нь хэмнэлт биш гэж үү.
Энгийн мэт боловч энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Цахилгаан эрчим хүчийг зөв зохистой ашиглаж сурцгаая.

Эх сурвалж: http://ubedn.mn/khereglegch/214-niitlel

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.91.104 гоё нийтлэл байна өөр олон зүйлд уриалаарай