“Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдаан зарлалаа

2014 оны 11 сарын 07

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг зарлав. 

Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, урамшуулах, бусад төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дууриал болгоход уралдааны зорилго оршиж байгаа ажээ. Уралдаанд оролцогчид нь энэ оны туршид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх танилцуулга мэдээллээ 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх юм байна. 

Уралдаанаас шилдэг 7 байгууллага, 2 албан тушаалтанд тусгай шагнал олгох бөгөөд тэднийг улсын хэмжээнд алдаршуулах ажлыг зохион байгуулна. Шагналыг 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр гардуулна хэмээн зохион байгуулагчид ярьлаа.