Утааны асуудал хэзээ дуусах вэ?

2014 оны 11 сарын 06


Хэдий болтол бид нэг асуудлаа тойрч ярьсаар амьдралаа өнгөрөөх вэ?

Үнэхээр утгагүй санагдаж байна. Жилийн дөрвөн улиралтай, даарвал даарчихдаг, халууцвал халууцчихдаг уур амьгалтай, уудам газар нутагтай эх орны иргэн хүний хувьд маш их баярладаг. Хэмжээлшгүй азтай хувь заяа гэж онгирох ч үе байдаг. Гэвч өвлийн улирал хаяанд ирж, хүйтэн болооод ирэхээр л нөгөө гай болсон утааны асуудал газар авч эхэлдэг. Харин зун хэзээ ч өвөл болохгүй юм шиг утаагаа орон даяар таг мартчихдагт нь үнэхээр их гайхдаг. Ер нь шийдэж чадахгүй л байгаа юм чинь хэдэн сар ч гэсэн сэтгэл амар явж байсан нь дээр гэсэн тэнэг бодолд ороогдох үе ч тохиолддог. Гэхдээ эрүүл ухаанаар сэтгэх ёстой залуу хүн ингээд бодож байгааг хараад буруушаах хүн олон. Тэдний зөв.

 Хэдий болтол асуудал ярьж, гомдоллох вэ? Ухаан бодлоо уралдуулан ярилцаж шийдмээр байна. Хамгийн гол нь хэрэгжилт энэ асуудалд үнэхээр дутаж байгаа. Хэн хэрэгжүүлэх вэ?

Монгол хүн бүр нийгэмд тулгарч буй асуудалд оролцон, шийдэх хэрэгтэй байгаа юм. Улс оронд чинь хүний оролцоо, залуусын сийрэг сэтгэхүй хэрэгтэй байгааг мэдэж байна уу.

 Болохгүй зүйл эргэн тойронд байна, тэр бүхнийг хараад л, бусдыг хүлээгээд суугаад байвал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй учир санаа бодлоо чөлөөтэй солилцож энэ асуудлаас нэг мөр гарах хэрэгтэй.

Өглөө таны хоолой гашуу оргин сэрж, гудамжинд урдаа яваа машины гэрлээр л баримжаалж, хажуугийн байшин хашаагаа бараг харахгүй алхаж, хоёр метрийн цаадахыг харах боломжгүй яваа нь бидний эмгэнэл.

Улаанбаатар хотын нийт айл өрхийн 70 гаруй хувь гэр хороололд амьдардаг.  Нэг айл жилд дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа бий.

Тодруулбал, гэр хорооллын 126 мянга гаруй орчим айл өрх гэр хороололд амьдарч төдий тооны бага оврын зуух, пийшинд галлагаа явуулж байна. Тэгэхээр энэ хэмжээний нүүрс задарч бид түүгээр хэдэн улирал дамнан амьсгалж байгаа юм. Бидний амьдрал утаан дунд өрнөж байгаа учир үүнээс зугтах арга гэж байхгүй аж.

 Түүнчлэн  ойролцоогоор 504-600 мянга орчим тонн нүүрс, 360 мянга гаруй шоо метр мод, 100 мянга орчим автомашины дугуй, хуванцар сав түлдэг бөгөөд дутуу шаталтаас их хэмжээний хорт утаа агаарт цацагдаж орчныг бохирдуулдаг. Үүнээс харахад бид дан ганц нүүрс биш өөр олон зүйлийн утаагаар угаартдаг нь илэрхий.

Улаанбаатарчууд дунд амьсгалын эрхтэн нь эрүүл хүн бараг байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.

 

Дээрээс нь эдгээр хорт бодис зүгээр задраад шатаад дуусдаггүйг одоо дурдья.

 

 Гэр хорооллынхон хоногт 35 гаруй тонн үнс, тоос агаарт цацаж байна. Судалгаанаас харахад  нэг тонн нүүрс шатаахад 50 кг үнс гарна. Хамгийн багаар бодоход нэг айл таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл жилд 12  мянган тонн үнс гарна. Мөн гэрийн нөхцөлд нэг тонн нүүрс түлэхэд 10 хүний жилийн амьсгалах хүчилтөрөгчийг устгаж байдаг гэсэн үг. Үнэхээр харамсалтай. Монголчууд бид  уудам сайхан газар нутагт төрсөн хэрнээ ингэж амьдрах ч гэж гэсэн бодол төрж байгааг нуух юун.

Ийнхүү ажиллаж буй уурын зуухнуудын дулаан үйлдвэрлэхэд зарцуулсан түлшнээс гарах хор уршигийг ярих юм бол аймаар тоо гарах нь дамжиггүй. Түүнчлэн уурын зуухнууд нь утаа цэвэрлэх шүүлтүүрийн төхөөрөмжгүй намхан яндантай учир тухайн орчныхоо хөрс, усыг илүү ихээр бохирдуулж байгаа ч үүнийг мэдсэн хэрнээ хараад суух хүмүүс бүр аймаар байгаа юм. Үүн дээр нэмээд нийслэлийн хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо хэр их билээ. Түүнээс ялгарах утаа агаарыг бохирдуулахад хүчээ хэрхэн нэмэх бол.  

 

Эрүүл мэндээ алдаж дууслаа шүү дээ Улаанбаатарчууд минь!

Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах ажил эхэлсэн хэдий ч тэднийг орлох хөдөөнөөс цувах айл өрхүүд асуудал болж байгаа юм.

Зах хязгаар нь утаан дунд үл мэдэгдэх энэ гэр хорооллыг тэгэхээр одоо яах вэ? Улаанбаатар хот маань 2013 онд Дэлхийд агаарын бохирдлоороо нэгт орчихсон байдаг. юу гэсэн үг вэ?

Эдгээр аймшигт тоон судалгааг багасгахын тулд бага хэрэглээгээр илүү тухтай амьдрах явдал бөгөөд үүнд хүрэх үндсэн 3 арга зам байгаа юм.

1. Хэрэглээгээ  тогтмол  хянаж,  үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлах

2. Хэмнэлттэй дэвшилтэт техник технологийг амьдрал ахуйдаа өргөн нэвтрүүлэх

3. Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим хүч, биомассыг түлхүү ашиглах эдгээр аргууд нь эдийн засгийн болоод бусад зүйлд нөлөөлөхгүй агаарын бохирдлоо бууруулах арга гэж хэлж болох юм шиг.

 Нийслэл хот маань, газар зүйн байршил, цаг уурын нөхцөл, ард иргэдийн ахуй байдал, хэрэглээний түвшин, хот байгуулалтын буруу төлөвлөлт гээд маш олон учир шалтгааны улмаас жил ирэх тусам агаарын хэт бохирдолд улам автаж, үүний уршгаар амьсгалын замын өвчлөл, хүүхдийн бие бялдрын дутуу өсөлт, улмаар урагт нөлөөлөх нөлөө, дутуу төрөлт ихсэж байгаа нь үнэхээр эмгэнэлт явдал болоод байгааг дахин сануулья.

Энэ бүхнээс нийслэлийн иргэд бид хэрхэн, ямар замаар гарч болох талаар хэлэлцэх үүднээс энэхүү сэдвийг нээлээ...

Г.Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.113.140 https://www.facebook.com/UBmas k/photos/a.634341789938628.107 3741827.631672136872260/793707 180668754/?type=1