“Номын их айлдвар” болно

2014 оны 11 сарын 06

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш зөвхөн монголчуудад зориулан айлдах “Номын их айлдвар” буюу “Монгол Сүнчой” энэ жил Энэтхэг улсын Дарамсала хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдахаар боллоо.

Энэхүү номын айлдвараар Далай багш шавь нартаа шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын "Ламрим-чэнмо" буюу "Их бодь мөрийн зэрэг" номыг тайлбарлан айлдана. Энэхүү Богд Зонхава ламын айлдсан "Их бодь мөрийн зэрэг"  ном нь эрт дээр үеэс монголын лам хувраг, сүсэгтэн олны эрхэмлэн шүтэж, судалж ирсэн төгс гэгээрэл бурханы хутагт хүргэх их увидас бүхий дээдийн ном билээ. Мөн энэ үеэр Далай багш монголын сүсэгтэн олонд зориулан маань мэгзэмийн лүн, ван, жинан хайрлана.

 Монголчуудын “Номын их айлдвар” буюу “Монгол Сүнчой”-г  Монголын бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт 2011 онд Далай багшид бараалхах үеэрээ нийт монголчуудынхаа сайн сайхны тусын тулд анхлан айлтгаснаар 2012 оноос жил бүр уламжлал болон БНЭнэтхэг улсад зохион байгуулагдаж байна. Жил бүр 1000 гаруй сүсэгтэн монголчуудаа төлөөлөн энэхүү номын айлдварт зорин суудаг сайхан уламжлал тогтсон. Энэ жил 2014.12.02-2014.12.05-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн Далай багшийн номын өргөө Намжил дацанд болох юм.

 Ламын гэгээнтэний санаачлагаар байгуулагдсан “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ нь энэхүү номын айлдварыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Монгол Сүнчой”-н бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд номонд сууж буй сүсэгтэн олондоо зориулж Далай багшийн номын айлдварыг орчуулах, ном хэвлэх, мандат олгох зэрэг олон ажил хийгдэж байна.

Мөн “Монгол Сүнчой”-г зохион байгуулагчдын зүгээс сүсэгтэн олныгоо ая тухтай номын айлдварт хүргэх зорилгоор Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай хамтран шууд нислэгийг гаргаж байгаа болно.