Эбола вирусын шинж тэмдэг ханиадтай төстэй илэрдэг

2014 оны 11 сарын 06

Эбола вирусийн халдвар нь анх 1976 онд Африкийн Конго улсад (одоогийн нэр, тэр үеийн Заир улс) бүртгэгдсэнээс хойш үе үе дэгдэлт хэлбэрээр Африкийн улсуудад тархаж байсан байна. 2013 оны 12 сараас Баруун Африкийн Гвиней улсад дэгдсэн ДЭМБ-ийн мэдээлснээр 2014-10-22 ны байдлаар Эбола вирусээр 9911 хүн өвчилсний 4865 нь эндсэн байна. Одоогоор өвчлөл бүртгэгдсэн Африкийн Сенегал улсад 10 сарын 17, Нигери улсад 10 сарын 20-ны байдлаар өвчлөл зогссоныг ДЭМБ албан ёсоор зарлаад байна. Харин Африкийн Либери, Сьерра Леоне, Гвиней улсуудад өвчлөл нэмэгдэж, өргөн тархсаар байна. 3 орны нийслэл хотуудад халдварын тархалт өндөр хэвээр байна. Өвчний тархалт улс бүрт харилцан адилгүй байгаа бөгөөд Сьерра Леоне улсад бүх дүүргүүдэд, Либерид нэг дүүрэгт зонхилон тархаад байна.
 
АНУ, Испани улсад эбола вирусээр өвчилсөн хүнээр зөөвөрлөгдөн тархсан өвчтөний ойрын хавьтлыг илрүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна.
Манай орны хувьд энэхүү халдвараас хүн амаа хамгаалах арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Эбола вирусийн халдвар хэнээс дамжих вэ?
Эбола вирүс сарьсан багваахай, сармагчинд түүнээс хүнд халдвар дамжин тархаж байж болзошгүй хэмээн үзэж байна. Нутгийн хүмүүс зэрлэг ан амьтан агнаж түүхий мах бүтээгдэхүүн хэрэглэснээс халдвар тархсан байх боломжтой ажээ.
 
Хүнээс хүнд халдвар хэрхэн тархах вэ?
Хүнээс хүнд шууд хавьтлаар гэмтсэн хүний арьс, салст бүрхүүл Эбола вирусийн халдвар дамжина. Эмнэлзүйн шинж илэрсэн үеэс Эбола вирусийн халдвар дамжих боломжтой болно.
1. Эбола вирусийн халдвартай хүний бүхий л төрлийн шингэн (цус, шүлс, шээс, хөлс, өтгөн, бөөлжис, хөхний сүү, үрийн шингэн)
2 Цусаар: зүү тариур
3. Халдвартай амьтан
 
Хүнээс хүнд халдвар хэрхэн тархахгүй вэ?

  • агаараар
  • усаар
  • хоол хүнсээр

 
Өвчин ямар хугацааны дараа илрэх вэ?
Эбола вирусийн халдвартай хүнтэй хавьтал болсноор илэрдэг байна.
 
Өвчин хэрхэн эхлэх вэ?
Эхний 1-2 хоногт: 38.6 хэмээс өндөр халуурна. бие ихээр ядарч сульдах, булчин, ялангуяа нурууны булчингаар өвдөх, булчин сулрах, толгой өвдөх,  3-4 дэх хоногоос бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, цаашлаад арьсан дээгүүр толбо-гүвдрүүтэй улаан тууралт гарах, том хөх тууралт гарах, жижиг цусархаг тууралт гарах
Жич: Эбола вирусийн халдвар нь гэдэсний балнад, менингит, хумхаа зэрэг өвчинтэй андуурагддаг.
 
Өвчний явц ямар байх вэ?

  • Өвчний эхний хоногуудад илэрсэн шинж тэмдэг 5-6 хоногт даамжрах үед ихэвчлэн эмнэлэгт хэвтдэг байна. Иймээс өвчин хүндэрч нас барах нь их байдаг. Эмнэлэгт хэвтэснээс хойш нас баралтын дундаж хугацаа 4-6 хоног байна.
  • Эбола вирус цус бүлэгнэлтийн эмгэг үүсгэсний улмаас их хэмжээний цусархагийн шинж буюу цус алдах, цусархаг тууралт гарах, бөөрний болон элэгний дуталд орох, тархины үрэвсэл үүсэх зэрэг хүнд явцаар явагдаж нас баралтад хүргэдэг байна.

 
Хэрхэн эмчлэх вэ?
-Эмнэлэгт эрт хэвтүүлэх

  • Шингэн сэлбэх эмчилгээ: Суулгалт бөөлжилтийн улмаас шингэн алдагдалд орох учраас амаар  давс сахарын уусмал зэрэг шингэн уух, эмнэлэгт судсаар тарих эмчилгээг хийнэ.
  • Цус бүлэгнэлтийн эмгэгийг засах: Энэ эмчилгээг эмч үндсэндээ хийнэ.
  • Одоогоор өвөрмөц эмчилгээ үгүй боловч Эбола вирүсийн халдвараар өвдөөд эдгэсэн хүний цус юүлэх эмчилгээг зөвлөж байна.
  • Дархлаа сайжруулах эмчилгээг зөвлөж байна.

 
Хэрхэн сэргийлэх вэ?

  • Эбола вирусийн халдвартай улс оронд аялахгүй байх.
  • Халдвартай хүнтэй хамт байж хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж хяналтанд орох ёстой.
  • Хувийн ариун цэвэр хамгийн чухал: Учир нь хүн хамар, нүдээ арчих үрэх тохиолдолд тухайн эрхтний салст бүрхүүлийг гэмтээдэг. Гэмтсэн салст бүрхүүлд Эбола вирусээр халдварлагдсан материал хүрэлцэх үед халдвар дамжина. Жишээлбэл өвчтэй хүнтэй хамт байсан тохиолдолд өвчтөн ханиахад шүлс нь нүдний салстад орох үед халдвар дамждаг байна. Үрийн шингэнд 3 cap хүртэл хугацаанд Эбола вирус хадгалагддаг байна. Эбола вирусийн халдвартай материал хаалганы бариул зэрэг эд зүйлс хэдэн цагийн дотор хадгалагдаж байдаг байна. Иймээс: гараа тогтмол савантай усаар угаах
  • Гар угаах боломжгүй тохиолдолд спиртэн гар ариутгах бодисыг хэрэглэх Нүд, хамар, ам зэрэг салст бүрхүүлийг гэмтээхгүй байх
  • Сэжигтэй болон өвдөөд эдгэсэн тохиолдолд 3 сарын хугацаанд амаар бэлгийн хавьталд орохгүй байх

Өвчтэй хүний хэрэглэсэн зүү тариур зэрэг эд материалтай харьцахгүй байх.
Хамгийн сайн сэргийлэх арга нь гарын ариун цэврийг сайтар сахих явдал юм. Үүнийг гэр орон, цэцэрлэг, сургууль, ажил дээрээ хүн бүр сахиж чадвал зөвхөн Эбола вирусийн халдвар төдийгүй олон халдвараас бидний наад захын мэдэх томуугийн халдвараас гэдэсний халдвараас 50-90% хүртэл хамгаалж чаддаг. Иймээс гарын ариун цэврийг сахих нь ямар ч халдвар өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ юм.

 
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД