Сүрьеэгийн тандалт судалгааны нээлтийн арга хэмжээ боллоо

2014 оны 11 сарын 05

ДЭМБ, Глобал сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Сүрьеэгийн тандалт судалгааны нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

 Тандалт судалгаанд Дархан сумын 2, 4,10 дугаар багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг хамруулсан бөгөөд ХӨСҮТ-ийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт 14 хоног ажиллаж байгаа юм. Мөн “Нүүдлийн Рентген” машиныг ажиллуулж эхэлжээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Сүрьеэгийн тандалт судалгааны зорилго, ач холбогдлын талаар ХӨСҮТ-ийн судалгааны багийн эмч Б.Дэлгэрмаа мэдээлэл хийж, сонгогдсон иргэд тандалт, судалгаанд идэвхтэй оролцохыг хүслээ.

Сүрьеэгийн тандалт, судалгааны үр дүн, дүгнэлт нь Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлийн талаар нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл болох бөгөөд цаашид сүрьеэгийн өвчлөлийг бууруулах үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой болно гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байна.