Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар ажлаа тайлагнав

2014 оны 11 сарын 05

“Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам”-ыг Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Энэхүү  уулзалт семинар өнөөдөр ЭМЯ-нд болов. Тус яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд “Эх, хүүхдийн эрүүл мэнд” цахим шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүрийн баасан гарагт хийж, төрөлт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээлэл, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр тус яамнаас болон орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч нялхсын эндэгдлийн 60-65 хувийг нярайн эндэгдэл, үүний 80 хувийг эрт нярайн эндэгдэл эзэлж байна. Эрт нярайн эндэгдлийг бууруулахад жирэмсний хяналт, төрөх өрөөнд үзүүлж байгаа тусламж их нөлөөтэй. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг цогцоор зөв үзүүлэх нь нярайг эндэхэд хүргэдэг түгээмэл шалтгаанаас сэргийлэх өртөг багатай, үр дүн сайтай арга юм. Тухайлбал, нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэх, хүйг зөв цагт зөв хавчин, нэг удаагийн үйлдлээр хайчлах, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол, зөв хийж хэвшүүлэхэд л нярайн эндэгдлээс сэргийлэх боломжтой. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эх баригч, бусад эмч, сувилагч нарыг манлайлан ажиллахыг салбарын сайд уриаллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, 21 аймаг, 9 дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтнүүд оролцов.