“Намрын тэргүүн” тэмцээнд ”Эрчим” баг түрүүлэв

2014 оны 11 сарын 03

Монголын волейболын холбоо, "Витафит групп" хамтран зохион байгуулдаг “Намрын тэргүүн” тэмцээний тэргүүн байрт ДЦС-4 ТӨХК-ий “Эрчим” баг шалгарч аваргын алтан медалийн эзэд боллоо.

Буянт-Ухаа спортын ордонд 10 дугаар сарын 14-31-нд болсон тус тэмцээнд эрэгтэйчүүдийн “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, ИНЕГ “Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”,  “Эрчим” болон “Хасу Мегастарс багууд өрсөлдсөн юм. Харин “Намрын тэргүүн” тэмцээнд өрсөлдөхөөр “Энагурэ”, “Монти”, “Эрчим” гурваас өөр клуб мэдүүлгээ өгөөгүй учраас эмэгтэйүүдийн ангиллын тэмцээнийг энэ жил өнжжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд долоон баг өрсөлдсөнөөс “Эрчим” алт, “Алтайн барс-2” мөнгө, “Хасу Мегастарс” хүрэл медаль хүртэв.

Урьдчилсан тоглолтыг хоёр тойргийн турш явуулж, тойрог тус бүрт багуудын эзэлсэн нийлбэр дүнгээр эхний хоёрт жагссан багууд алтын төлөө, дараагийн хоёр байрт бичигдсэн багууд хүрэл медалийн төлөө тоглох байв. Харин тэмцээний үеэр уг дүрэмтэй холбоотой үл ойлголцол зарим нэг багуудын дунд гарсан. “Хасу Мегастарс”-тай VI тойрогт тоглох байсан “Хангарьд Харх” баг уг дүрмийг өөрчлөхийг шаардаж, тоглохоос татгалзсан тул шүүгчдийн шийдвэрээр тус багт техникийн хожигдол өгсөн.

Хоёр тойргийн нийлбэрээр тэргүүлсэн “Алтайн барс-2”, “Эрчим” багууд аваргын төлөө хүч сорив. Тэд бие биенээ харилцан нэг нэг хожоод байсан бөгөөд тэмцээний дүрмийн дагуу түрүүлж, хоёр хожсон нь алтан медаль хүртэх юм. Шийдвэрлэх гурав дахь тоглолт өнгөрсөн баасан гарагт/10,31/ болж, “Эрчим”-ийн волейболчид өрсөлдөгчдөдөө ганц ч сет алдалгүй 3:0-оор хожиж аваргаар тодорлоо.

Хүрэл медалийн төлөө “Хасумегастарс”, “Алтайн барс-1” багууд өрсөлдөж шийдвэрлэх хоёр тоглолтод “Хасумегастарс” баг 2:0-оор ялалт байгуулж хүрэл медалийн эзэд болов.

Тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Д.Баасансүрэн (“Эрчим”), довтлогчоор А.Мөнхбаатар (“Алтайн барс-2”), холбогчоор Г.Наранбаяр (“Алтайн барс-2”), давуулагчаар Э.Сайханбаатар (“Алтайн барс-1”), хамгаалагчаар Т.Отгонтөгс Т.Отгонтөгс ("Эрчим"), тэгш тоглогчоор М.Цэрэнбаатар ("Хасумегастарс"), хаагчаар Бат-Эрдэнэ (“Эрчим”) нар тус тус шалгарсан юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД