“Пукет-2014” Азийн элсний наадамд баг тамирчидаа гаргаж өглөө

2014 оны 11 сарын 03

Тайланд улсын Пукет хотноо энэ сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж буй Азийн элсний дөрөвдүгээр наадамд оролцох баг тамирчидаа гаргаж өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Уг ёслолын ажиллагаанд Монголын үндэсний олимпын хорооны ерөхийлөгч Д. Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ж. Хатанбаатар, Монголын спортын сэтгүүлч нарын холбооны ерөнхийлөгч Ч. Отгонбаатар, ССАЖЯ-ын Спортын бодлого зохицуулалтын дарга Н. Бакетжан нар оролцож баг тамирчидад аян замын ерөөл хүссэн юм.

“Пукет-2014 ”наадамд Азийн 45 орны  тамирчид спортын 17 төрлөөр өрсөлднө. Харин манай улсын хувьд спортын 8 төрлөөр нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Тодруулбал,  элсний бөх, сагсан бөмбөг, жү жицү, кураш, муайтай, самбо, орчин үеийн таван төрөлт, петанк гэсэн төрлүүдэд өрсөлдөх аж.  Үүнээс муайтай, орчин үеийн таван төрөлт, петанк зэрэг төрлүүдэд манай улсын тамирчид анх удаагаа хүч үзэх гэнэ.

Түүнчлэн 2008 оны Азийн наадмаас элсний бөхийн төрөлд манай тамирчин Т. Энх-Амгалан алтан медаль хүртэж байсан бөгөөд 2012 оны Хятад улсын Хай-Ян хотод болсон наадамд эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид маань хүрэл медаль хүртэж байжээ.

 ССАЖЯ-ын Спортын бодлого зохицуулалтын дарга Н. Бакетжан Монгол Улсын Засгийн газрын 64-р тогтоолд Элсний наадамд оролцсон баг тамирчидад мөнгөн шагнал өгөх журам оруулсныг энэ үеэр дуулгалаа.

Мөн  “Пукет-2014” азийн наадамд оролцох эрхийн картыг нийт тамирчиддаа гардуулсан бөгөөд Монгол Улсын төрийн далбааг чөлөөт бөхийн тамирчин Ц. Азбилэгт хүлээлгэн өглөө.

Уг наадмын  багийн  ахлагчаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж. Хатанбаатар ажиллаж байгаа юм.

Г. Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД