“Эрчим хүчний салбар” хуралдаан болов

2014 оны 10 сарын 31

Энэ сарын 28-30-ны хооронд Япон улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамнаас манай Уул, уурхай эрчим хүчний яам болон “ДЦС-4” ТӨХК хамтран  “Эрчим хүчний салбар” хуралдааныг  зохион байгуулав. Тус хуралд АНУ, Англи, Вьетнам, Япон улсын төр болоод хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон байна. Хурлыг нээж Уул, уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт үг хэлсэн юм. Япон улсын хувьд манай улстай бизнес эдийн засгийн  болоод олон талын хамтын ажиллагаатай байсаар ирсэн.

Энэ удаагийн хурлаар эрчим хүчний салбарт бодитой хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлж, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар хэлэлцсэн байна.  Үүнд  “ДЦС-4” ТӨХК-д 1995-2004 оны хооронд 4,5 тэрбум иенийн зээлээр амжилттай хэрэгжсэн станцын I ээлжийн шинэчлэлийн төсөл, 2001-2008оны хооронд 6.1 тэрбум иенийн зээлээр амжилттай хийгдсэн II ээлжийн шинэчлэлийн төсөл, одоо хэрэгжиж эхлээд буй 2014-2018 оны хооронд 4,2 тэрбум иенийн станцын үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг дурьдсан юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа нь шинэ түвшинд гаран хөгжиж байгааг хурлын үеэр Япон улсын зочид,  төлөөлөгчид онцолжээ.