Өргөө хотын түүхэн зургийг бэлэглэлээ

2014 оны 10 сарын 31

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бэлэглэлээ.

 Түүхэн зургийг  Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани "Өргөө" хотоор дамжин өнгөрөх замдаа  зурсан бөгөөд Хан уулын ард "Өргөө" хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм.

 Зургийн эх ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд байдаг. Зургийг хүлээлгэн өгөх үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа.

 Нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж нарыг  нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД