“Хавдрын эсрэг үндэсний аян 2014” эссэ бичлэгийн уралдаан зарлав

2014 оны 10 сарын 31

“Хавдрын эсрэг үндэсний аян 2014”-ы хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлалаа.

Уралдааныг ХААН Банк сан, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОРНТ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус уралдаан нь хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.

Энэ жилийн хувьд сонин сэтгүүл, вэбсайт, фм радиогийн сэтгүүлчид, фэйсбүүк, твиттер хэрэглэгчид, чөлөөт уран бүтээлчдийг түлхүү хамруулахыг зорьжээ. Өнөө үед нийгмийн сэтгүүлзүйгээр дамжуулан олон нийт үнэн зөв, хэрэгцээт мэдээллээ авах, шүүн тунгааж, сайн үлгэр дууриалаар нэг нэгэндээ нөлөөлөх бүрэн боломжтой болсон. Иймээс хүн амын нас баралтын хоёр дахь томоохон шалтгаан болоод байгаа хавдар өвчлөлтэй хамтдаа тэмцэх зорилгоор уриалга гаргах, инфографик постер бүтээх твиттер, фэйсбүүкийн  төрлийг нэмсэн гэж зохион байгуулагчид нь хэлж байна. 

Уралдаанд эхний гурван байр болон тусгай байрыг тодруулж мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг энэ сарын 27-ноос ирэх сарын 21-нийг дуустал хүлээн авна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус уралдаанд ирүүлсэн 400 гаруй бүтээлээс шалгарсан сонин, сэтгүүл, вэбсайтын шилдэг бүтээлүүдээр эмхэтгэл гаргаж, сэтгүүлч уран бүтээлчдэд хүргэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД