Засгийн газрын үнэт цаасны захиалга эхэллээ

2014 оны 10 сарын 30

Эхний ээлжийн буюу нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, гурван сарын хугацаатай нийт 100 тэрбум төгрөгийн хямдруулалтай Засгийн газрын үнэт цаасны захиалга өнөөдрөөс эхэллээ.

Захиалга хуанлийн зургаа хоногийн хугацаанд үргэлжлэх учраас иргэд, ах ахуйн нэгж брокер, дилерийн компанид хандан үнэт цаасны төлбөрийг тушааснаар захиалга хийх боломж бүрдэх юм байна. Хүүгийн хувьд тухайн долоо хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай Засгийн газрын үнэт цаасны жигнэсэн дундаж хүүгээр тогтоохоор болжээ. Харин Монголбанкны тухайн долоо хоногийн арилжаа цуцлагдсан тохиолдолд ижил хугацаатай ЗГҮЦ-ны өмнөх арилжааны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтоохоор болжээ. Хөрөнгө оруулагч бондын төлбөрийг арилжааны шимтгэлийн хамт үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх өөрийн нэрийн 12 оронтой дансыг зааж арилжааны банкаар дамжуулан хийж гүйцэтгэх аж. Худалдан авах захиалга нь цаг хугацааны дарааллаар биелэх учраас захиалгаа аль болох эрт өгөх хэрэгтэй хэмээн албаныхан онцоллоо. Харин урьдчилсан төлбөрт системээр явагдах учраас захиалга биелэхгүй бол мөнгийг үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан буцаан олгох юм байна.