46 талбайд сонгон шалгаруулалт явуулах боломжтой

2014 оны 10 сарын 30

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 106  талбайн 46-д нь сонгон шалгаруулалт явуулах боломжтой хэмээн Ашигт Малтмалын газраас мэдэгдлээ.

Харин үлдсэн талбай нь тусгай зөвшөөрлийн болон стратегийн ордтой давхцалтай гэсэн зөрчлүүд байгааг тодотгов.  Тодруулбал 106 тусгай зөвшөөрлийн 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, есөн талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, нэг талбай нь стратегийн орд газартай давхцалтай, 32 нь урт нэртэй хуульд хамаарагдах газартай давхцалтай байгаа бол 46 нь ямар нэгэн давхцалгүй байгаа аж. Урт нэртэй хуультай зарим хэсэг нь давхацсан талбайд хасалт хийлгэн сонгон шалгаруулалт явуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс зардлаа баталгаажуулсан нэмэлт 10 талбайд сарын хугацаатай сонгон шалгаруулалт зарлажээ. Эдгээр талбайн хамгийн том нь 170 мянган га талбайг эзэлж байгаа юм.  Түүнчлэн 106 тусгай зөвшөөрлийн эхний шатны сонгон шалгаруулалт дуусчээ. Нийт 14 талбайд сонгон шалгаруулалт явуулснаас 11-д нь хүчин төгөлдөр санал иржээ. Эдгээрээс нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд үлдсэн нь дотоодын компаниуд аж.

Мөн үеэр албаныхан “Ногоон тал”, “Довцог худаг”, “Хашаатын хөндий”, “Хөх толгой”, “Цогт хайрхан уул”, “Улаан эрэг”, “Бага хөх цав”, “Хөх хошууны худаг”, “Хонхор дэрс”, “Товцог хайрхан уул”, “Хар ат уул” гэсэн 11 талбайг эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа баталгаажуулснаар АМГ-аас босго үнэ тогтоосоныг онцлов. Ашигт малтмалын газраас урт нэртэй хуульд хамаарагдах газартай давхцсан талбайн давхцлыг арилгуулан, солбицолд өөрчлөлт оруулж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар судалж эхэлжээ.