Турк улсын 91 жилийн ой болж өнгөрлөө

2014 оны 10 сарын 29

Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 91 жилийн ойг Туркийн ЭСЯ-наас энэ сарын 28-ны өдөр  Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.

Туркийн Элчин сайдын өргөөнд болсон энэхүү ёслолын ажиллагааг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нээж үг хэлэв. Тэрээр үгийнхээ эхэнд, “Монголчууд болон Туркууд нь хэл соёлын холбоотой, түүхээс дайсагналыг биш нөхөрлөлийг олж авсан дэлхийн түүхт эзэнт гүрнүүдийн өв залгамжлагч нар юм. Хоёр орны найрамдалт харилцаа нь сайн ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ёс зэрэг үнэт зүйлсийн хүрээнд өдрөөс өдөрт өргөжин тэлж буй бөгөөд өнөөдөр НҮБ, ЕАБХАБ-аас ШХАБ хүртэл өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Монгол Улс Турк Улсыг гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон бөгөөд Турк Улс нь газарзүйн хувьд олон мянган километрийн зайтай боловч сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамгийн ойр орших Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хүн ардынх нь аз жаргал, амар амгаланд нь хувь нэмэр оруулсаар байгаа”-г тэмдэглээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдсан юм. Мөн Элчин сайд Мурат Карагөз цааш өгүүлэхдээ, “Ирэх онд Турк Улсад, 2016 онд Монгол Улсад парламентын сонгуулиуд явагдана. 2016 онд Монгол Улс туйлын өндөр ач холбогдолтой АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулна. Энэ хүрээнд Турк Улс Монгол Улстай ойр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа” гээд Монгол – Туркийн харилцаа нь соёлын баялаг өв, харилцан улс төрийн хүсэл зоригоор өдрөөс өдөрт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

Мөн тус ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Анкарагийн төлөөлөгчид болон бусад орны Элчин сайд нар, консулын газрынхан, нийгэм-соёлын төлөөлөгчид байлцав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД