Пхеньянийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарчээ

2014 оны 10 сарын 27

Өмнөд Солонгосын идэвхитнүүд Хойд руу Пхеньянийг шүүмжилсэн тараах материал хөөргөснөөс хоёр орны харилцаа муудаж, хил дээр цэргүүд буудалцах явдал удаа дараа гарсан билээ. Тэгвэл өнгөрсөн 25ны өдөр хоёр Солонгосыг заагласан 38-р өргөрөг орчимд Өмнөдийн хилийн оршин суугчид болон Пхеньянийг эсэргүүцэгч идэвхитнүүдийн хооронд мөргөлдөөн гарсан байна. Өмнөд Солонгосын хилийн Пажу хотын оршин суугчид идэвхитнүүдийн эсрэг өндөг шидэж, тараах материал хөөргөхөө зогсоохыг шаарджээ. Оршин суугчид болон идэвхитнүүдийн хоорондох мөргөлдөөнийг зогсоохоор олон зуун цагдаа ажиллажээ. Нүүрээ юүдэнгээр халхалсан олон тооны хүн тараах материал ачсан идэвхитнүүдийн ачааны автомашиныг булаан авснаар мөргөлдөөн улам ширүүссэн аж. Оршин суугчид идэвхитнүүдийн автобус руу өндөг шидэж, “Буц, Бидний амь насыг аюулд оруулахаа боль” хэмээн хашгирч байжээ. Идэвхитнүүд мөргөлдөөн гараагүй бол 40 мянга орчим тараах материалыг Хойд Солонгос руу илгээхээр төлөвлөж байсан гэнэ. Гэхдээ тэд мөргөлдөөний дараа өөр газраас 20 мянган тараах материалыг хөөргөж амжжээ.

 Хойд Солонгос Өмнөдийн идэвхитнүүд Пхеньянийг шүүмжилсэн тараах материал хөөргөхийг дайны өдөөн хатгалга хэмээн үзэж, удаа дараа анхааруулсаар байгаа юм. Харин Өмнөд Солонгосын Засгийн газар идэвхитнүүдийг хориглох арга байхгүй хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: Agence France-Presse

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД