Монголын маркетеруудын II чуулган эхэллээ

2014 оны 10 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж байгаа Монголын маркетеруудын II чуулган Төрийн ордонд өнөөдөр өглөө эхэллээ.

Энэ удаагийн чуулган “Дэлхийн Монголын төлөө нэгдэцгээе!” уриан дор болж байгаа бөгөөд Монгол Улсад шинэ үеийн маркетингийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 20 жилийн ойтой давхцан зохиож байгаа гэдгээрээ онцлог юм.

 Маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, хувийн хэвшилд ажилладаг маркетингийн мэргэжилтнүүд хамтран өнгөрсөн оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг “Маркетеруудын өдөр” болгон зарлаж, салбарынхаа нэгдсэн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай болсон.

2013 онд зохион байгуулсан “Маркетеруудын анхдугаар чуулган”-д бизнесийн байгууллагын захирлууд, маркетинг, борлуулалт хариуцсан топ менежерүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сурталчилгаа хариуцсан ажилтнууд, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд зэрэг салбар бүрийн 650 маркетерууд оролцож байсан юм.

Энэ жилийн хувьд “Монгол маркетеруудын холбоо”, “Монголын маркетинг менежментийн хүрээлэн” ТББ-ууд хамтран бусад маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэй уг чуулганыг “Төрийн ордон”-д зохион байгуулж байгаа бөгөөд нийт 800 гаруй маркетер оролцож байна.

Тус чуулганаар Монгол Улсын маркетингийн салбарын өнөөгийн төлөв байдал, үндэсний брэндүүдийн маркетингийг олон улсад хийх боломжууд, маркетингийн алба, агентлаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах боломжийг хэлэлцэж байгаа юм. Мөн гадаадын жуулчдыг татах Монголын боломж, маркетеруудын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг идэвхжүүлэх, олон улсаас маркетингийн шилдэг технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлж нутагшуулах асуудлаар санал солилцож байна. Үүнээс гадна төрийн үйлчилгээний маркетингийг сайжруулах, маркетеруудын мэдээлэл туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нэгдсэн онлайн сүлжээ бий болгох, мэргэжлийн маркетеруудыг ажлын байранд зуучлах зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД