“Анааш” мисс болсон түүх

2014 оны 09 сарын 15

Би цэцэрлэгт байхдаа “Өндөр болчихвол ангийн дарга болно” гэж боддог байлаа. Өндөр байх юм бол жагсаалын хамгийн эхэнд зогсоно гэсэн ойлголтоос л ийн боддог болсон санагдана. Энэ гэнэн цайлган бодлоор “өндөр” гэдэг үгийг хамгийн гоё үг мэтээр төсөөлж явсаар нэг л мэдэхэд далд ухамсарт хүртэл суучихжээ. Ахлах сургуульд байхдаа “Өндөр л байвал үхсэн ч яах вэ” гээд л ижил нуруутай үеийнхээ хэдэн охинтой ярьж байсан санагдана. Хэхэ үхчээд яаж ч өндөр болох гээд байгаа юм бол, бүү мэд. Өндөр болох гэсэн бодолдоо гүн автсаных л байх.

            Жаахан байхдаа би их намхан нуруутай хүүхэд байлаа. Манай ангид надтай адилхан нэртэй хэрнээ надаас өндөр охин байдаг байсан юм. Бид хоёрыг Төгсөө гэдэг. Харин биднийг таньдаг хүмүүс намайг “Жижгээ”, түүнийг “Томоо” гэнэ. Би түүнийг хааяа хараад “Хүн яг нэр шигээ байдаг гэсэн үнэн байх өө. Харин би ийм намхан юм байж юугаараа ТӨГС байдаг юм. Аав ээжид л төгс харагдаад, энэ нэрийг санаандгүй өгсөн биз” гээд л сонин сонин дүгнэлт хийж гарна. Өндөр л байвал тэр хүн төгс гэдэг бодолд хэтэрхий их орсных л доо. Ядаж байхад Томоотой нийлдэг охид бүгд өндөр. Харин манай найзууд бүгд над шиг намхан байсан юм даг. “Дандаа өөр шигээ намхан охидтой нийлээд байхаар өсдөггүй юм болов уу” гэж бодоод бараг намайг хоёр давхралчихсан юм шиг Томоогоос өндөр охин манай ангид шилжээд ирэнгүүт нь найзлаж орхилоо. Сэтгэл байвал найзуудад өндөр нам ямар ч хамаагүй, нэгнийгээ дуурайж өндөр юм уу, нам болдоггүй гэдгийг тэр охин надад маш сайн ойлгуулсан. Манай ангийн Томоо бол тэр охиноос арай намхан, үеийнхэн дундаа таарсан өндөртэй. Харин өндөр болох хүслээсээ болж нийлсэн найз маань Томоогоос ч өндөр болохоор өндөр гэдэг үгэнд хамгийн дургүй. “Над шиг хэтэрхий өндөр байснаас чам шиг жаахан байсан нь дээр ээ. Ядаж л багш нарын нүдэнд бага өртөнө” гээд л намайг чинь нэг хэсэг өндөр болох бодлоос маань холдуулах гэж үзэв. Өндөр болохоор нь багш нар хичээл асуухдаа хамгийн эхэнд дуудна. Ангийн хаана ч суусан багшийн нүдэнд ил байна гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш байлаа. Манай сургуулийнхан ГОЗОН, ТЭМЭЭ, АНААШ гээд л өндөр юм юу л байна, тэр болгоны нэрийг түүнд өгнө. Нэг өдөр манай хүн өөрөөсөө намхан бандид дурлачихлаа гээд гүйгээд ирдэг байгаа. “Өөрөөс нь өндөр болохоор намайг тоох болов уу, гэхдээ өндөр охидуудад дуртай банди нар байдаг тэ?” гээд л. Тэгээд бид хоёр хэсэг ярилцсаны эцэст дурлалт хархүүд нь захиа бичихээр шийдлээ. “ Сайн уу Тамираа, чи их сайн сагс тоглодог юм байна лээ. Сургуулийн аврага болох гэж байгаа болохоор чамтай хамт бэлтгэл хийж болох уу? Би нэг их сайн тоглодоггүй л дээ, гэхдээ өндөр болохоор бөмбөг сайн булааж авч чаддаг....” өөр юу юу ч гэлээ, ямартай ч түүнд хайртай гээд шууд тулгаж хэлээгүй, ойр байх гэсэн санаатай захиа биччихээд өөрт нь өгөхөөс ичээд, хамт сагс тоглодог Ангийнх нь найзад дамжуулаад өгөөч гээд нүдээ аниад өгчихлөө. Харин хэд хоногийн дараа...

Захиа эзэндээ очсон байсан. Гэхдээ очих замдаа сургуулийн бараг бүх хүүхдэд задарсан ил захиа болсон байлаа. АНААШ АА, чи Тамираад дурлачихсан юм уу, АНААШ АА, чи бөмбөг сайн булааж авдаг гэл үү, ГОЗОН юм байж бас банди эргүүлэхтэйгээ гэж шоглоод л.  Бид хоёрын хажуугаар өнгөрсөн бүх хүүхэд тэр захианы тухай ярьж байх шиг. Харин захианы эзэн хариу бичихгүй хүлээлгэсээр хэд хонолоо. АНААШ маань өөрийнхөө өндрийг харааж, намхан бол....гэж үглэсээр хэдэн өдөр өнгөрлөө. Гэхдээ захианы хариу ирээгүй. Магадгүй хариу захиа бичсэн ч тэр нь бас л өөр хүмүүсийн гарт үрэгдээ биз. Тэр өндөртөө, би намхандаа шанална. Эсрэг тэсрэг гутарсан хоёр найз.

Бид ахлах сургуулийн төгсөх ангид орлоо. Харин би намхан хэвээр. Анааш маань бүр өндөр болсон байв. Нэг өдөр бид элсэлтийн шалгалтандаа бэлдэхээр сургууль дээр ирээд багшийг хүлээгээд сууж байх зуур сургуулийн мэдээллийн самбарт манай Анаашаас ч бараг өндөр эгч зар ч юм уу, нэг цаас нааж байгааг хараад би очиж уншлаа. “Өөрийгөө өөрчлөх зоригтой залууст” гэсэн гарчигтай цаасан дээр “Загвар өмсөгч болохыг хүсдэг, 175 см-аас дээш өндөртэй охид, хөвгүүдийг бүртгэж байна” гэсэн өгүүлбэрийг уншиж дуусаагүй байхдаа Анааш-ыгаа бодлоо. Анааш дээр гүйж очоод найз нь чамд мэргэжлийг чинь сонгочихлоо, чамд яг тохирно. Тэрийг очоод унш гээд л тэр цаас руу заав. Анааш гайхсан шинжтэй нэг хоёр, нэг хоёр гээд алхаж очсоноо нээх тоосон шинжгүй буцаад ирлээ. “Чи дургүй байгаа юм уу?” гэхэд “Дургүй ч биш л дээ. Миний мөрөөдөл. Гэхдээ аав, ээж зөвшөөрдөггүй юм өө” гээд муухай царайллаа. Харин би өндөр охидуудад атаархдаг сэтгэлээрээ “Чи ч тэнэг юм аа, өөрийнхөө давуу талыг ашиглах л хэрэгтэй” гээд л нэг их том хүн шиг хэлсэндээ сүүлд өөрөө ч гайхдаг юм. Харин тэгсэн Анааш маань “Тэгвэл би гэрийнхэндээ хэлэхгүй яваад үздэг ч юм бил үү, дараа нь мэдчихээд яах бол гэж байна”. Хэлсэн үгийг нь өлгөж аваад л “Мэдлээ гээд чамайг алахгүй нь тодорхой. Яадаг юм, би ч гэсэн загвар өмсдөг найзтай болмоор байна” гээд хүч нэмээдэхлээ. Тэгээд л тэр маань загвар өмсөгч болохоор шийдвэр гаргаж, харин би түүний улаан фен болсон юм.

Харин одоо Анааш маань Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн Миссийн тэмцээнд орох гэж байна. Хүн хүсэж мөрөөддөг зүйлээ хийвэл заавал амжилтанд хүрдэг жамтай. Тиймээс энэхүү түүхийг бичих болсон шалтгаан бол залуу хойч үе маань өөрийн сонирхол, хоббигоо эртхэн мэдэж аваад, түүндээ хүрэх ямар нэг алхмыг өнөөдөр хийгээсэй, хүн бүр өөртөө эзэн нь байж өглөө ажил руугаа яарч, үдэш гэрлүүгээ яардаг байх юм бол Монгол Улс маань тун удахгүй дэлхийн том гүрэн болох ирээдүй ойрхон байна гэдгийг ухааруулах гэлээ. Харин миний хувьд намхан гэдэгтээ гутрахаа больсон. Яагаад гэвэл би эмч хүн. Өвдөж зовсон нэгнийг нь эдгээчихээд гэр бүлийн хүмүүсийнх нь баярласан, хайр дүүрэн гэрэлтсэн нүдийг харах надад өндөр байхаас илүү кайф өгдөг. Хүн хийж чаддаг зүйлтэй байна гэдэг өөрөөрөө бахархах, өөртөө итгэх маш том итгэлийг өгдөг аж. Харин өндөр болох гэсэн мөрөөдөл минь надад хаана ч байхгүй найзыг маань өгсөн юм даа.

Г. Оюунтогтох